Сөрөг хүчин доторх сөрөх хүч Д.Ганбат буюу хасах хасахын нэмэх

               
2022-05-10 0

Та магадгүй олон удаа “Ардчилсан нам ийм л үед олигтой сөрөг хүчин байх ёстой” гэх шүүмжлэлийг сонссон байх. Уг нь, тус намыг УИХ-д төлөөлж байгаа гишүүд нь үүнийгээ ч мэдэж байгаа аж. Өчигдөр АН-ын бүлгийн хурал болж, бүлгийн даргынхаа асуудлыг дахин хөнджээ.

Энэ хурал бол сүүлийн хагас жилийн хугацаанд анх удаа бүрэн ирцтэй хуралдсан тохиолдол юм байна. АН-ын 11 гишүүнээс 10 нь оролцжээ. Б.Пүрэвдорж гишүүн орон нутагт томилолттой ажиллаж байгаа аж.

Хамгийн сүүлийн ирц бүрдэж, хүчин төгөлдөр хуралдсан нь 2021 оны 10 дугаар сарын 18 байсан бололтой. Тэр хуралдаанд бүлгийн дарга Д.Ганбат оролцоогүй юм байна. Учир нь, уг хурлаас гишүүд нь бүлгийн даргыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Өөрийг нь даргаас буулгахыг эсэргүүцэж байгаа гэсэн үг. 11 гишүүнээс 7 нь оролцож (63% ирцтэй) хуралдаад дээрх шийдвэрт гишүүн бүр гарын үсэг зурсан байна. Уг шийдвэрийн үндэслэлд “Монгол Улсын Их хурлын тухай хуулийн 31.3 дахь заалт”-ыг багтаасан нь:

Бүлэг даргаа гишүүдийнхээ дотроос сонгож, энэ тухайгаа Улсын Их Хурлын даргад бичгээр мэдээлнэ

Бүлгийн дарга Д.Ганбат уг шийдвэрийг зөвшөөрөөгүй тул үүрэгт ажлаа өгөө ч үгүй юмсанж. Улмаар 7 гишүүн чөлөөлсөн даргынхаа хуралдаанд оролцохгүйгээр УИХ-ын дарга хариу өгөхийг хүлээж. Харин АН-ын бүлэг нь 36% ирцтэйгээр хуралдаанаа хийсээр ирж. Уг нь, энгийн зарчмаар бол хурал 50+1 ирцтэй байж хүчин төгөлдөр болох, түүнээс олонхоор санал хурааж шийдвэр гаргах учиртай. Ийм л зүйл болж.

Өчигдөр болсон хуралдаанаар Монгол Улсын эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед сөрөг хүчингүй байгаа нь улам л хортой гэдгийг тодотгосон нь зүйн хэрэг. Ямартай ч бүлгийн даргыг чөлөөлөх асуудлыг эцэслэж, шийдвэрээ бүрэн дүүрэн хэрэгжүүлье гэдэг асуудлаа хаалттай хэлэлцсэн юм байна. Гэвч шийдвэр эцэслэж гараагүй.

Бүлгийн дарга солих процесс хаана гацсан бэ?

Энэ асуудал хэрхэн үүссэн юм бэ? Хамгийн эхэнд дурдсанчлан “Ардчилсан нам олигтой сөрөг хүчин байх ёстой” ч манай бүлэг тийм түвшинд ажиллаж чадахгүй байна гэдгээ 2021 оны 10 дугаар сар гэхэд бүлгийн гишүүд нь мэдэрчихсэн байжээ. Ажилтныг шууд ажлаас нь халдаггүй харин ч сануулж, донгодож, арга хэмжээ авч, эцэст нь чөлөөлдөг. Түүнээс өмнө ч бүлэг төлөөлж, удирдаж буй даргадаа гишүүд нь учир зүй олох, өөрчлөлт гаргах боломж хугацаа өгч байсан нь гарцаагүй.

Харамсалтай нь, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүдээс баталж өгсөн бүлгийн даргаа шинээр батлуулах шийдвэрийг УИХ-ын дарга, Тамгын газар хүлээн авсан ч хэрэгжүүлээгүй өдий хүрчээ. Үүнийгээ хууль, эрх зүйн үндэслэлгүй гэх мэт тайлбар тавьсан тухай Н.Ганибал хэлж байна. Харин Д.Ганбат “Намайг огцруулах асуудал хуулийн дагуу боломжгүй” гэж хэлэх нь түүнийг сөрөг хүчин доторх сөрөх хүч нь болоод буйн илрэл. Хасах тоог хасах тоотой үржүүлэхэд нэмэх болдог. Сөрөг хүчин дотроо сөрсөн хүч байна гэдэг олонхын талд байгаагийн илрэл болох уу? Бүлгийн гишүүд нь, олонхоороо шийдвэр гаргаж, гарын үсгээр баталгаажуулж өгсөн албан бичгийг үндэслэхгүй байх учиргүй гэж үзээд Үндсэн хуулийн цэцэд хууль эрх зүйн зохистой тайлбар өгөхийг хүсээд ханджээ. Үндсэн хуулийн цэцээс хариу тайлбар гаргаагүй л байна. Харин энэ хооронд МАН эрх дураар засаглаж, УИХ-аас утгагүй тогтоол гарсаар, хугацаа алдсаар л байгаа нь хүн бүрт хамаатай хэрэг.

Өдий хагас жил хүсэлтийг нь батлахгүй байгааг УИХ-ын 76 гишүүний 80 хувийг бүрдүүлж байгаа, Засгийн газрыг бүрэн зохион байгуулсан МАН-ын улс төрийн нүүдэл байх вий гэж хардах ч үндэстэй. Өрсөлдөгчөө хүчгүй байлгавал өөрсдөд нь чих амар шүү дээ. Тэднийг дураар дургихад өнөөгийн АН-ын бүлэг, энэ хэвээр байх нь таатай.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүн Н.Ганибал “Хүүхдүүд хүртэл ангийн дарга нь ажлаа хийж чадахгүй бол олонхоороо ярилцаж шийдээд өөрчилж болдог биз дээ? Ардчиллын гол зарчим л явж байна. Хэн ч мөнхөд дарга байх ёстой гэж үзэхгүй шүү дээ. Тийм болчихвол Монгол Улсад ардчилал байна гэж хэлэх ч хэцүү” гэж тайлбарлан ярьж байна.

Ер нь Д.Ганбат гишүүн АН-ын бүлгийн даргад тэнцэх хүн мөн үү?

Ер нь, анхнаасаа яах гэж Д.Ганбатыг Бүлгийн дарга болгосон юм бэ гэдэг асуулт ч хөндөгдөнө. АН-аас сонгогдсон 11 гишүүн дотор эрэмбээрээ Д.Бат-Эрдэнэ(2004, 2012), С.Одонтуяа (2012), Д.Ганбат (2012), Б.Пүрэвдорж (2016) нар УИХ-д сонгогдож байсан гишүүд юм. Бусад 7 нь анх удаа сонгогдсон билээ. Д.Бат-Эрдэнийн хувьд сүүлийн жилүүдэд намд тийм ч их идэвхтэй бус байгаа тул эрэмбэ нь С.Одонтуяа, Д.Ганбат нарт ирж. С.Одонтуяа УИХ-ын дэд даргад сонгогдсоноор Д.Ганбат дээр ээлж ирэв. Тэр ч зөвшөөрөв, бусад гишүүд нь ч итгэж найдав. Ингээд 2020 онд байгуулагдсан парламент 1 жилийн хугацаанд Д.Ганбат даргатай ажиллаж үзээд “нэг л болохгүй байгаа”-г мэдэрч. 2021 онд шинэ даргын нэрийг оруулсан юм байна.

Дашдондогийн Ганбат өнгөрсөн хугацаанд АН-ын бүлгийн даргын шалгуур шаардлагыг хэр хангаж ажилласан бэ? Энэ асуудлаар бид үргэлжлүүлэн бичиж мэдээлэх болно.

Холбоотой мэдээ