
БОАЖЯ-наас “Таван толгой” төмөр зам компанийн төлөөлөлтэй өнөөдөр уулзах үеэрээ төмөр замын трассын дагуу, бодит нөхцөл байдалтай танилцах шийдвэр гаргав.
Тус яам цаашид Зам тээврийн хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар байгуулах өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэгт байгаль, зэрлэг ан амьтанд ээлтэй байдлаар төмөр замын хамгааллын торны стандартыг сайжруулах, холбогдох хууль дүрмийг өөрчлөх чиглэл өгчээ.
БОАЖ-ын дэд сайд Г.Түдвэндорж энэ үеэр ярихдаа, “Зэрлэг амьтны нүүдлийг хязгаарлаж болохгүй. Ан, амьтанд ээлгүй, нүүдэл, шилжилт хөдөлгөөний замуудад төмөр замын торыг буулгах байр суурьтай байгаа”-гаа илэрхийлсэн юм. Мөн зорчигч тээвэр бус, зөвхөн ачаа тээврийн зориулалттай төмөр замын бүсэд хамгаалалтын хашаа байх шаардлагагүй хэмээв.
“Таван толгой” төмөр зам ХХК-иас төмөр замын трассын дагуу гарц, гарам байгуулж байгаа гэсэн ч төмөр замын хаалт, торны талаар дорвитой хариулт өгөөгүй аж. Гэхдээ цаашид байгаль орчин, зэрлэг амьтныг хамгаалахад хамтран ажиллахаа илэрхийлжээ.
Уулзалтад БОАЖ-ын дэд сайд Г.Түвдэндорж, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газар А.Энхбат, Амьтан, ургамал, байгалийн нөөцийн хэлтсийн дарга П.Цогтсайхан, Байгаль, зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн хамгааллын асуудал хариуцсан захирал Кирк Олсон, мэргэжилтэн Б.Бүүвэйбаатар, “Таван толгой” төмөр зам ХХК-ийн захиргаа, санхүү, хариуцсан дэд захирал Я.Намсрай, Төслийн удирдлагын газрын дарга Э.Эрдэнэбат, Тээврийн удирдлага хариуцсан дэд захирал Г.Цолмонбаяр оролцож, төмөр замын хамгаалалт, өргөст торноос зэрлэг ан, амьтанд учруулж буй хохирол, сөрөг нөлөөллийн тухай ярилцан, санал солилцсон юм.

0 cэтгэгдэлтэй