Товчхон
               

Талибууд Панжшерын эсэргүүцэгчдийн байрлалд цохилт өгчээ

               
2022-05-11 0

“Талибан” хөдөлгөөний зэвсэгт бүлэглэл Афганистаны хойд нутгийн Панжшер мужийн Үндэсний эсэргүүцлийн фронтын /ҮЭФ/ дайчдын байрлалуудад бөөн хүчээр цохилт өгсөн тухай мужийн захиргааны төлөөлөгч Абубакар Сидикки “TOLOnews” сувгаар мэдээлжээ.

“ҮЭФ-ын доод тал нь 10 гишүүнийг устгасан, манай талаас таван хүн амиа алдаж, хоёр хүн шархадсан. Панжшерын байдал хяналтад байгаа бөгөөд манай 5000 дайчин тэнд байрлаж байна” гэж тэрбээр хэлсэн байна.

Фронтын отрядуууд Андараб, Дара муж, мөн Абшар бүс нутгийг хэсэгчлэн эзлэн авч чадсан бөгөөд тулалдааны үеэр 27 талибыг устгасан гэж ҮЭФ-ын гадаад харилцааны газрын дарга Али Майсам Назари өмнө нь мэдэгдсэн байна. “Тахар мужийн Варсаж хошуунд “Талибан”-ы өөр 12 дайчныг устгасан” гэж тэрбээр “Aamaj News” агентлагт ярьжээ.

Харин талибуудын байгуулсан “Насир Бадри” элит бүлэглэлүүдийн командлагч Абдул Хамид Хорасани энэ мэдээллийг няцаажээ. “Уулын хажуугаас гал нээсэн ч бид дайсны галын цэгүүдийг дарсан” гэж тэрбээр цохон хэлсэн байна.

Тавдугаар сарын 7-ны өдөр ҮЭФ-ын командлалаас мэдээлэхдээ, түүний дайчид Афганистаны хойд нутгийн гол замуудыг хааж, хэд хэдэн бэхлэлтээс талибуудыг бут цохисон гэсэн байна. Давших, сөрөг довтолгоо хийх ажиллагаа 12 газарт явагдаж байна гэж мэдэгдэлд онцолжээ.

АНУ цэргээ Афганистанаас гаргах шийдвэрээ 2021 оны хавар зарласны дараа “Талибан” хөдөлгөөн тус улсад  хяналтаа тогтоох томоохон хэмжээний ажиллагааг эхлүүлсэн юм. Өнгөрсөн оны наймдугаар сард талибууд нийслэл Кабулд хяналтаа тогтоосон билээ. Хэт давруу үзэлтнүүд засгийн эрхэнд гарсантай санал нийлэхгүй байгаа Афганистаны улстөрчид хойд Панжшер мужид эсэргүүцлийн фронт байгуулсан бөгөөд уг фронтыг Афганистаны Умард эвслийн удирдагч агсан, тажик гаралтай Ахамад Шах Масудын (1953-2001) хүү Ахмад Массуд тэргүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ