Товчхон
               

Шинэ Зеланд хилээ бүрэн нээнэ

               
2022-05-12 0

Шинэ Зеланд ирэх долоодугаар сар гэхэд бүх орны жуулчдад хилээ нээж, аяллын усан онгоцнуудыг хүлээн авч, ур чадвартай ажилтнуудын цагаачлах нөхцөлийг хялбаршуулна гэж тус улсын Засгийн газраас өнөөдөр мэдэгджээ.

Шинэ Зеланд нь “COVID-19” цар тахал хоёр жил гаруйн өмнө дэгдэх үеэс хилийн хяналтын хамгийн хатуу гэж хэлж болох арга хэмжээнүүдийг тогтоосон юм. Үүний дүнд таван сая хүн амтай тус улс халдварын дэгдэлтийг зогсож, энэ онд “омикрон” хувилбар тархахаас өмнө вакцинжуулалтын түвшнийг ахиулж чаджээ.

Шинэ Зеландад коронавирусний халдвараар нас барсан тохиолдлын тоог бусад хөгжингүй орнуудынхтай харьцуулахад доогуур байгаа хэдий ч цар тахал сунжрахын хэрээр бусад улс орнууд халдвартай тэмцэх стратегиа сулруулах болсноор тус улсын хилийн хяналтын арга хэмжээнүүд хоцрогдож буй бололтой байгаа нь харагдах болжээ.

Шинэ Зеландын эрх баригчид хилээ үе шаттайгаар нээх бодлогынхоо хүрээнд өнгөрсөн сараас австраличуудыг, улмаар энэ сараас АНУ, Их Британи зэрэг 50 гаруй орны жуулчдыг хүлээн авч эхэлсэн юм. Харин өнөөдөр гарсан мэдэгдлийн дагуу Хятад, Энэтхэг зэрэг бусад орны жуулчид долоодугаар сарын 31-нээс хилээр нэвтрэх боломжтой болох ажээ.

Мөн Засгийн газар нислэгт суухын өмнө “COVID-19”-ийн шинжилгээ өгөх журмыг долоодугаар сарын эцэс гэхэд цуцлахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн байна.

Холбоотой мэдээ