Орхон аймаг “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа

               
2022-05-12 0

Иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох,  үзлэг оношилгоо, шинжилгээ, тусламж үйлчилгээг цогцоор нь хүргэх  “Эрүүл мэндийг дэмжих төв”-ийг ашиглалтад орууллаа. 

Тус төв ашиглалтад орсноор БОЭТ-ийн ачааллыг бууруулж, орон даяар эхэлсэн эрт илрүүлгийн үзлэг оношилгоо, шинжилгээг шуурхай үзүүлэх боломж бүрдэж байгаа юм.

Уг төвд өмнө нь Нийгмийн эрүүл мэндийн төв, ЭМГ үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд дээрх байгууллагууд Захиргааны 4 дүгээр байр луу шилжсэнтэй холбоотойгоор БОЭТ-ийн амбулатори, анхан шатны үзлэг, оношилгооны хэсэг шилжин ирж байгаа юм. Иймд байрны засвар, үйлчилгээг Эрүүл мэндийн яамнаас 180 сая, орон нутгийн төсвөөс 280 гаруй сая төгрөгөөр засварлажээ.

Түүнчлэн улсын төсвийн 1,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий 34 нэр төрлийн багаж тоног төхөөрөмжөөр бүрэн тохижууллаа. Тухайлбал, ясны сийрэгжилтийг оношлох, биеийн ерөнхий үзүүлэлтүүдийг тодорхойлох Танита аппарат, нүдний хараа шалгах, оношлох автомат таблиц, чих, хамар, хоолойн иж бүрэн аппарат мөн зүрх, тархины цахилгаан бичлэгийн аппарат, ходоод, улаан хоолойн уян дурангийн оношилгооны иж бүрэн тоног төхөөрөмж, суурин болон зөөврийн хэт авиан оношилгооны аппарат зэрэг өндөр үзүүлэлттэй сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг суурилуулжээ. Тус төв ашиглалтад орсноор шинээр 16 ажлын байр бий болж байна.

Холбоотой мэдээ