
Зургийн эх сурвалж: MPA
Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 376 байршлын хашаа, хайсыг чөлөөлөхөөр болжээ.
Зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс буулгах ажлын явцын талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, мониторингийн хэлтсийн дарга Г.Мөнхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Их тойрууд хамаарах 1,104 га газарт газар зохион байгуулалтын албан хаагчид дөрөвдүгээр сарын 7-ны өдөр хашаа, хайсны судалгаа хийж, 971 байршилд 3,566 зөрчил илрүүлсэн. Улмаар ажлын хэсэг дээр ярилцан 376 байршлын хашаа, хайсыг чөлөөлөхөөр Нийслэлийн Засаг даргын А585 дугаар захирамж гарсан.
Газар эзэмшдэг 175 иргэн, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлээд байна. Эхнээсээ хашаагаа авч байгаа байгууллагууд бий.
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны тогтоолоор хашаа, хайстай байх нийт 16 газар байхаар батлагдсан. Тухайлбал, сургууль, цэцэрлэг, Элчин, консулын газар, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, цэцэрлэгт хүрээлэн зэрэг газар багтах юм. Газар эзэмшигчийн гэрээн дээр заасан үүргээ биелүүлж, хашаа хайсаа буулгах шаардлагатай. Хэрвээ өөрсдөө буулгахгүй бол албадан буулгана. Хашааныхаа оронд мод тарьж, эдлэн газраа хамгаалах ёстой.
Маргаашаас Баянзүрх дүүргээс эхлэн газар чөлөөлөх ажил эхэлнэ” гэлээ.

0 cэтгэгдэлтэй