Дархан хотын соёл, амралтын хүрээлэн ажиллаж эхэллээ

               
2022-05-16 0
Зургийн эх сурвалж: MPA

 “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн дэх хөдөлгөөнт тоглоомуудыг өнөөдрөөс ажиллууллаа. Тодруулбал, Олон улсын гэр бүлийн өдрийн хүрээнд “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-аас хүүхэд, багачууддаа зориулан хөдөлгөөнт тоглоомуудаа ажиллуулж эхэллээ.

Ингэхдээ алсыг харагч, мөргөлддөг машин, гинжит савлуур, кофены аяга, морин тойруулга зэрэг таван тоглоом ажиллах аж. Далайн дээрэмчний онгоцны тухайд техникийн бага зэргийн сааталтай учир гэмтлийг зассаны дараагаар ажиллуулахаар төлөвлөжээ. Алсыг харагч, мөргөлддөг машин тус бүр 4000 төгрөгийн үнэтэй бол морин тойруулга, кофены аяга, гинжит савлуур тус бүр 3000 төгрөгийн үнэтэй ажээ. Мөн агаарын дугуйн тоглоом ашиглалтад орсон ч улсын комисс хараахан хүлээн авч амжаагүй тул тоглуулах боломжгүй байгаа гэж “Дархан хотын соёл, амралтын хүрээлэн” ОНӨААТҮГ-ын дарга Л.Тамир мэдэгдлээ.

Мөн зөвхөн нээлтийн үйл ажиллагаанд зориулж энэ өдөр алсыг харагчид суусан тасалбараараа бусад тоглоомд үнэгүй суух боломжийг олгосон аж. Цагийн хуваарийн тухайд өдөр бүр 14.00-22.00 цагийн хооронд ажиллах бөгөөд тэмдэглэлт өдөр, үйлчлүүлэгч олон цугласан тохиолдолд 23.00 цаг хүртэл ажиллах боломжтой ажээ. Нээлтийн үеэр хүүхэд багачууддаа зориулан урлагийн тоглолт зохион байгууллаа. 

Холбоотой мэдээ