
ЗУргийн эх сурвалж: MPA
Дотоодын үйлдвэрлэгч “Монцемент” үйлдвэр Хөгжлийн банкнаас тухайн үеийн ханшаар 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 24 удаагийн төлөлтөөр 143.1 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байна. Жилд нэг сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь 2014 онд нийт хөрөнгө оруулалтынхаа 20 хувийг Хөгжлийн банкнаас авчээ. Цементийн дотоодын зах зээлийн 35-40 хувийг өндөр чанарын цементээр хангаж, 2000 гаруй шууд болон шууд бус ажлын байрыг бий болгоод буйг үйлдвэрийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Ц.Халиун тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцсан МҮХАҮТ-ын удирдлагад мэдээллээ.

Бизнесийн төлөөллийн байгууллага Худалдаа, аж үйлдвэрийн Танхимын удирдлага Монгол Улсын Хөгжлийн банкны зээлийн шаардлагыг хангаж, зохих ёсоор бизнесийн зээл авч, зээлийг зориулалтаар нь ашиглан төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлж буй “Монцемент” болон “Бэрэн металл” ХХК-ийн үйлдвэрийн үйл ажиллагаатай өнгөрсөн 7 хоногт танилцсан юм.
“Бэрэн металл” ХХК-ийн хувьд “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн хүрээнд 2007 онд Монгол Улсад анх удаа төмрийн нойтон аргаар боловсруулах үйлдвэр, уурхай, 2009, 2011 онд төмрийн баяжмалыг шууд ангижруулах технологиор боловсруулах үйлдвэр тус тус ашиглалтад оруулжээ. “Эрдэнэтийн төмөрлөгийн цогцолбор үйлдвэр” төслийн нэг дэд төсөл болох “Барилгын арматурын үйлдвэр” төслийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлснээр барилга байгууламжийн барилга угсралтын ажил, тоног төхөөрөмжийн худалдан авалт, угсралт, суурилуулалтыг гүйцэтгэсэн бөгөөд одоогийн байдлаар төслийн ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна.

“Монцемент” үйлдвэр Хөгжлийн банкнаас 126.6 тэрбум төгрөгийн санхүүжилт авснаас 143.1 тэрбум төгрөгийг эргэн төлөөд байна
Төсөл бүрэн хэрэгжсэнээр 1100 гаруй ажлын байр бий болж, уул уурхайн бүтээгдэхүүнд нэмүү өртөг шингэсэн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, жилд ойролцоогоор 100 сая ам.доллартай тэнцэх валютын гарах урсгалыг хааж, арматурын дотоодын зах зээлийн 50 хүртэлх хувийг хангах боломж бүрдэх талаар танилцууллаа.

Дээрх үйлдвэрүүдий хувьд Хөгжлийн банкнаас тухайн үедээ ам.доллароор зээл авсан. Ингэснээр валютын ханшны өсөлтөөс үүдэн ихээхэн алдагдал хүлээж байгаа аж. МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин валютын ханшны өсөлтөөс ААН-үүдэд учирч буй алдагдлыг бууруулах талаар арга хэмжээ авах талаар Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдад хүсэлт тавин уламжилснаа мэдэгдэв. Улмаар зохих журмын дагуу зээл авч, зориулалтаар нь зарцуулсан ААН-үүдийн зээлийн эргэн төлөлттэй холбоотой асуудлаар харилцан ойлголцох, эргэж харах олон асуудал байгааг онцлов.

0 cэтгэгдэлтэй