Товчхон
               

Б.Цогт-Очир: Цахилгаан тамхи нь зөвхөн насанд хүрсэн хүнд зориулсан бүтээгдэхүүн

               
2022-05-16 0
Зургийн эх сурвалж: MPA

Хуулийн зохицуулалт байхгүй учраас  электрон тамхийг Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хэрэглэх болсон нь нийгэмд шүүмжлэл дагуулж буй.  Иймд Тамхины хяналтын тухай хуульд электрон тамхийг олон нийтийн газар, битүү орчинд татахыг хориглох эрх зүйн орчныг бүрдүүлэх, мөн энэ төрлийн бүтээгдэхүүн, тамхийг онцгой албан татварт хамруулах зэрэг заалтыг нэмэхээр яригдаж байгаа юм. Тэгвэл Вэйп хэрэглэгчдийн холбооноос өнөөдөр мэдээлэл хийжээ.

Тодруулбал, тэдний зүгээс электрон тамхи худалдан борлуулдаг цэгүүд иргэний үнэмлэх шалгаж худалдаалах, ерөнхий боловсролын сургуулиас 500 метрийн радиус дотор байгаа дэлгүүрүүдэд электрон тамхийг цаашид нийлүүлэхгүй байх, мөн энэхүү дэлгүүрүүдээс бараа бүтээгдэхүүнээ нэг сарын хугацаанд шат дараатайгаар буцаах зэрэг арга хэмжээ авч буйг мэдэгдлээ.

Вэйп хэрэглэгчдийн холбооны Олон нийттэй харилцах албаны ахлах менежер Б.Цогт-Очир:

“Цахилгаан тамхи нь зөвхөн насанд хүрсэн хүнд зориулсан бүтээгдэхүүн гэдгийг онцолмоор байна. Тиймдээ ч иргэний үнэмлэхийг шалгаж цахилгаан тамхи худалдах нь олон улсын жишиг бөгөөд ирээдүй хойч болсон хүүхдүүдээ хамгаалах хамгийн зөв алхмын нэг юм. 161  улсад электрон тамхийг худалдаалж байгаа бөгөөд үүнээс 100 гаруй нь электрон тамхины зохицуулалтыг  хуульд тусгажээ. УИХ-ын байнгын хорооны гишүүд электрон тамхины талаар мэдээлэл муутай гэдэг нь ярьж байгаа зүйлээс нь харагдаж байна лээ. Тэд электрон тамхи импортлогч компаниудыг татвар төлдөггүй,  хил гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан барааны нэр төрлөөр нэвтрүүлж ирдэг гэж ярьсан.

Монгол Улсад электрон тамхийг оруулж ирдэг таван компани бий. 2021 он хүртэл хувь хүмүүс хил гаалиар татваргүй оруулж ирдэг байсан. 2021 оноос эхлэн албан ёсоор “Цахилгаан тамхи” нэршлийн дор 5-6 компани гаалийн 5, НӨАТ-н 10 хувийн татваруудыг хууль ёсны дагуу төлж эхэлсэн.

Электрон тамхийг албан ёсоор оруулж ирэхдээ олон улсын чанарын сертификатууд, шингэнд агуулагдах тестүүд, холбогдох бичиг баримтуудыг Мэргэжлийн хяналтын Ерөнхий газарт танилцуулж зөвшөөрөл авдаг. Хүнсний аюулгүй байдлын төв лабораторид никотин, бохь, хүнд металийн агууламж тодорхойлуулах шинжилгээнд хүртэл оруулдаг. Никотины агууламж зохих журмын дагуу байсан бөгөөд харин бохь байхгүй байсан.

Хүнд металийн агууламжийн тестийг хийх боломжгүй гэсэн хариу ирсэн учраас  бидний зүгээс гадаад руу олон улсын стандартын дагуу шинжилгээ хийдэг итгэмжлэгдсэн лабораторид хүнд металийн агууламжийг тодруулсан. Ингэхэд  янжуур тамхинд электрон тамхинд агуулагдах хүнд металийн тоо электрон тамхины хувьд 10-20 дахин бага бөгөөд янжуур тамхинд агуулагдах ихэнх хүнд металууд цахилгаан тамхинд агуулагдаагүй байна. Янжуур тамхи болон электрон тамхи хоёрт никотин агуулсан ч электрон тамхи нь никотины хэмжээг тухайн хүн хүссэнээрээ бууруулан хэрэглэх боломжтой.

Олон улсад никотины хэмжээг үе шаттай  бууруулснаар хүний бие аажмаар никотины хамаарлаас гарах боломжтой гэж үздэг. Энэ ташрамд дурдахад, 2022 оны есдүгээр сараас эхлэн бид никотингүй под худалдаанд нэвтрүүлэхээр ажиллаж байна” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ