Товчхон
               

Мевлют Чавушоглу: НАТО-г өргөжүүлэхэд татгалзах зүйл байхгүй

               
2022-05-16 0

Турк улс Умард Атлантын эвслийг өргөжүүлэхэд татгалзах зүйл байхгүй, харин террористуудыг дэмждэг орнуудыг эсэргүүцэж байна гэж тус улсын Гадаад хэргийн сайд Мевлют Чавушоглу НАТО-гийн гишүүн орнуудын гадаад бодлогын байгууллагуудын тэргүүн нарын Берлинд хийсэн албан бус уулзалтын дараа мэдэгджээ.

“Бид наймаалцдаггүй бөгөөд энэ нь улс төрийн наймааны элемент ч биш юм. Бид маш тодорхой байр сууриа илэрхийлсэн. Финланд, Швед улсууд террорист байгууллагуудтай хамтран ажилладгаа бүрэн зогсоож, Туркт батлан хамгаалах салбарын бүтээгдэхүүн нийлүүлэхэд тавьсан хязгаарлалтыг цуцлах ёстой. Турк улс НАТО-г өргөжүүлэх тал дээр татгалзах зүйл байхгүй, харин бид террористуудыг дэмждэг орнуудыг эсэргүүцэж байна” гэж Чавушоглу хэлсэн байна.

Турк улс дээрх уулзалтын үеэр Финланд, Швед улс Курдийн Ажилчны намтай холбоотой байдагт түгшиж буйгаа түншүүддээ мэдэгджээ.

“Бид Швед, Финланд улсууд “Курдийн Ажилчны нам” террорист байгууллага /Анкара тус намыг хэт давруу үзэлтнүүдийн байгууллага гэж үздэг/ болон Сирийн Өөрийгөө хамгаалах ардын хүчинтэй холбоо харилцаатай байдаг асуудлууд, ялангуяа Швед улс тэдэнд зэвсгээр дэмжлэг үзүүлж байгаа талаар ил тод ярьж хэлсэн. Бид өөрт байгаа баримт бичгүүдийн тусламжтайгаар холбоотнууддаа үүнийг тайлбарласан. Бид мөн эдгээр хоёр улсын Гадаад хэргийн сайд нартай гурван талын уулзалт хийсэн. Тэд бидний санаа зовж байгаа асуудлуудаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэж Туркийн Гадаад хэргийн сайд уулзалтын дараа болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлсэн байна. 

Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган тавдугаар сарын 13-нд мэдэгдэхдээ, террорист байгууллагууд, тэр дундаа Туркт хориглосон Курдийн Ажилчны намын гишүүдийн “зочны байшин” болсон Финланд, Швед улсууд НАТО-д элсэх боломжийг одоогоор зөв гэж үзэхгүй байна гэсэн бол Мевлют Чавушоглу маргааш нь тус хоёр улсыг Курдын ажилчны намыг илт дэмждэг гэж буруутгаж, туркүүдийн дийлэнх нь НАТО-д элсүүлэхийг эсэргүүцэж байна гэж онцлон тэмдэглэсэн байна. Харин Туркийн Ерөнхийлөгчийн албан ёсны төлөөлөгч Ибрагим Калын мөн энэ өдөр Анкарагийн байр суурийн талаар тодруулахдаа, Анкара Скандинавын тус хоёр орныг Умард Атлантын эвсэлд нэгдэх үүд хаалгыг хаахгүй боловч Турк улс үндэсний аюулгүй байдлын асуудалдаа санаа зовниж байгааг НАТО анхааралдаа авах шаардлагатай гэж үзэж байна гэжээ.

Холбоотой мэдээ