Товчхон
               

Роберт Кеннедийн алуурчныг хугацаанаас өмнө суллахаас татгалзжээ

               
2022-01-14 0

Одоогоос хагас зуу гаруй жилийн өмнө АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Кеннедийн ах, сенатч Роберт Кеннедийн амь насыг хөнөөсөн Иорданы иргэн Сирхан Сирханыг хугацаанаас өмнө суллах хүсэлтийг Калифорни муж улсын захирагч Гэвин Ньюсом  хүлээж авахаас татгалзжээ.

Энэ тухай муж улсын засаг захиргаа пүрэв гарагт мэдээлсэн байна.

Өнгөрсөн оны наймдугаар сард Калифорни муж улсын хугацаанаас өмнө суллах комисс одоо 77 настай Сирханыг нийгэмд дахин аюул учруулахаа больсон гэж дүгнэж, эдлээгүй үлдсэн ялаас хугацааны өмнө тэнсэн суллах баримт бичгийг Ньюсомд гарын үсэг зуруулахаар хүргүүлжээ.

“Ноён Сирхан сенатч Кеннедийн амийг хөнөөсөн нь Америкийн түүхэн дэх хамгийн гаслантай гэмт хэргүүдийн нэг юм. Олон арван жил шоронд хоригдсон ч тэрбээр сенатч Кеннедийн амийг хөнөөхөд хүргэсэн гэм зэмээ хэзээ ч ухаарч чадаагүй” гэж муж улсын захирагч мэдэгдсэн байна.

Сирхан Сирхан сенатч Кеннедийг 1968 оны зургаадугаар сарын 5-нд Калифорнид Ардчилсан намаас ерөнхийлөгчдийн сонгуульд нэр дэвшигчдийн сунгаанд ялсны дараахан буудан хөнөөсөн юм. Кеннеди Израилд Америкийн цэргийн нисэх онгоцуудыг нийлүүлэхийг дэмжсэнийх нь хариуд ийм үйлдэл хийсэн гэж алуурчин мэдүүлжээ.

Сирханд эхлээд хийн камерт цаазаар авах ял оноосон байна. Гэвч АНУ-ын Дээд шүүх цаазаар авах энэ ялыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн тул шоронд хорих ялаар сольжээ.

1975 оноос хойш Сирхан хугацаанаас өмнө суллагдах хүсэлтийг эрх баригчдад удаа дараа гаргасан боловч үргэлж татгалзсан хариу авсан байна. 

Холбоотой мэдээ