Товчхон
               

Сурагч хүүхдүүд 500 мод тарьж, үрсэлгээний талбай байгуулав

               
2022-05-17 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” Үндэсний хөдөлгөөний хүрээнд тогтвортой хөгжил, түншлэлийн “Амгалан дэлхий” ТББ Хөвсгөл аймгийн “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуультай хамтран тус сургуулийн хашаанд 500 мод тарьж, хайлаас модны үрсэлгээний талбай байгууллаа. Ирэх жил 100 жилийн ойтойгоо золгох “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн хамт олон ойгоо угтсан 100 бүтээлч ажил хийж байгаагийн нэгд “Тэрбум мод” хөдөлгөөнөөр орчноо ногооруулж, эко болгох ажил орж байна. Сургуулийн ахмад багш нар, эко клубын сурагчид, сургуулийн ажиллагсад, ТББ-ын гишүүд хамтдаа мод тарилаа.

Мөн сургуулийн сурагчдын дунд “Модны үндэс” шүлгийн уралдаан, “Өглөөний цагийг өөртөө” уулзалт зохион байгуулжээ. Энэ нь хүүхдийн орчныг моджуулах “Амгалан дэлхий” төслийн хүрээнд 2 дахь жилдээ Хөвсгөл аймгийн ЕБС-тай хамтран хийж хэрэгжүүлж байгаа ажил юм.

“Аливаа ажилд хамтаараа, бүгдээрээ оролцож, хийж бүтээх нь манай сургуулийн онцлог, барьдаг зарчим юм” гэж сургуулийн захирал Б.Гантулга ярилаа. Хөвсгөл аймгийн ууган сургууль болох тус сургууль нь хашаандаа 10 гаруй төрлийн 1000 гаруй мод тарьж ургуулаад байна. ТББ-ийн тэргүүн Д.Даваадулам, УЗ-ийн гишүүн А.Даваажаргал нар хэлэхдээ, “1994 онд төгссөн сургуульдаа сайн үйл бүтээж байгаад баяртай байна. Энэ төслөөр нийт 500 мод “Дэлгэрмөрөн” сургуульд хандивлаж, бусад үйл ажиллагааг хамтран зохион байгууллаа. Гол нь нэг нь үнэгүй өгч, нөгөө нь үнэгүй авлаа гэсэн хандлага энд байхгүй. Хамтдаа тарьж, хийж бүтээж, хэрэгжүүлдэгээр онцлогтой”-г тодотгож байна.

Мөн гурван жилийн дараагаас энэ сургууль өөрсдийнхөө үрслүүлж ургуулсан хайлаасаа тарих, мөн зарж борлуулах боломжтой болно. Мод, үрсэлгээний талбай хүүхдүүдийн сургалтын орчин болох учиртай. Манай ТББ модоо хэрхэн арчилж ургуулж байгааг байнга харж зөвлөж, ажлынхаа үр дүнг хамтдаа хэлэлцэж, дүгнэдэг уламжлалтай. 2021 онд Хөвсгөл аймгийн “Авьяас” сургуульд 1000 модны “Амгалан дэлхий” төслөө мөн ийм хэлбэрээр тун амжилттай хэрэгжүүлсэн гэв.

Орон нутагт мод тарьж ургуулах төслийн зөвлөхөөр Улаанбаатар хотын ерөнхий дендрологичоор 20 гаруй жил ажилласан Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан, биологийн ухааны доктор, профессор, Б.Чимид ажиллаж байна. Төслийн хүрээнд зарласан “Модны үндэс” сурагчдын шүлгийн уралдаанд “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 20 гаруй сурагчид цахимаар оролцсноос 8 дугаар ангийн сурагч М.Билгүүнзаяа тэргүүлж, 9-р ангийн сурагч Т.Пүрэвдорж нарын таван сурагч удааллаа. Тэднийг хос монос модоор урамшуулж, хашаагаараа дүүрэн модтой болохыг ерөөлөө. Мөрөн хотын ахмадууд сурагч хүүхдүүдтэй хамт мод тарьж, үрсэлгээний талбай байгуулав.

Холбоотой мэдээ