Орос Японы маргаантай бүсийн арлаас нэг эмэгтэйн цогцос олджээ

               
2022-05-17 0

Хоккайдо арлын эрэгт живсэн жуулчны завинаас сураггүй алга болсон хүмүүсийн нэг байж болзошгүй эмэгтэйн цогцсыг Оросын хяналтад байдаг маргаантай бүсэд хамаарагдах дөрвөн арлын нэг болох Кунашири арлаас эрэг дээрээс олсныг Японы эргийн хамгаалалтын алба баасан гарагт мэдэгдлээ.

Оросын эрх баригчдын мягмар гарагт өгсөн мэдээллийн дагуу тавдугаар сарын 6-нд цогцсыг олсон байна. Завь сураггүй болсноос хойш тав хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 28-наас хойш 12 зорчигч ор сураггүй алга болсон хэвээр байгаа юм. Харин 14 хүн нас барсан нь батлагджээ.

Эргийн хамгаалалтын албаныхны мэдээлснээр таних боломжтой хувийн эд зүйлсгүй цогцсыг тус арал дээрх Оросын Южно-Курилск гэгддэг Фурукамаппу хотын эмнэлэгт хүргэсэн байна.

Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказу Мацуно ээлжит хэвлэлийн бага хурал дээр “Бид дипломат шугамаар нэмэлт мэдээлэл авах талаар Оросын талд санал тавьсан бөгөөд баримтуудыг баталгаажуулахыг хичээх болно” гэжээ. Түүнчлэн, арлын баруун эргээс олдсон цогцос завины осолтой холбоотой эсэх нь тодорхойгүй байгаа ч эргийн хамгаалалтынхан эмэгтэйн төрөл төрөгсөд байж болзошгүй хүмүүстэй холбоо барьсныг нэмж хэлжээ.

Нийт 19 тонн жинтэй “Kazu I” хөлөг 24 зорчигч, багийн хоёр гишүүнийг тээвэрлэж явсан бөгөөд дөрөвдүгээр сарын 23-нд Хоккайдогийн Шари боомтоос Ширетоко эрэг дагуу аялах гэж яваад сураггүй болсон байна. Сөнөсөн хөлөг онгоцыг дөрөвдүгээр сарын 29-нд Хоккайдо арлын далайн ёроолоос олжээ.

Эх сурвалж: Kyodo news

Холбоотой мэдээ