
“73 цаг” жүжгийн зохиолыг сэтгүүлч, зохиолч Х. Наранжаргал бичиж, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Болд найруулсан. Жүжгийн зохиол нь 2004 онд бичигдэж, 18 жилийн дараа тайзны бүтээл болж байгаа нь энэ. Жүжгийн үйл явдал 73 цаг дотор өрнөж, гурван жүжигчин л оролцоно. “73 цаг” жүжиг тавдугаар сарын 28-наас зургадугаар сарын 30-ны өдрүүдэд Улсын хүүхэлдэйн театрт тоглоно.
Жүжгийн уран бүтээлчид англи хэлээр ирэх наймдугаар сараас эхлэн АНУ, Герман, Швед, Орос, Австри, Өмнөд Солонгос, Япон зэрэг 10 гаруй орны театрын тайзнаа тоглох юм байна. “73 цаг” жүжгийн бэлтгэлийг гурван сар гаруй хугацаанд хийсэн байна.

Жүжигчин Р.Анхням “Хүний амьдралд тохиолдож буй эргэлтүүд ганцхан хормоос шалтгаалдаг. Тэр нь цаашаа үргэлжилдэг байх. Манай жүжиг хүний амьдралд 73 цагийн дотор ямар эргэлтүүд хийж болох вэ гэдгийг харуулдаг. Театр бол амьдрал дээр байхгүй зүйлийг ч бий болгож, түүндээ хүмүүсийг итгүүлдэг. Кино бол монтаж хийгээд гаргадаг. Бид 1.50 минут иргэдтэйгээ тасралтгүй амьдаар харьцаж, нөхцөл байдлыг итгэж үнэмшүүлээд гаргах нь театрын гайхамшиг. Улс орон бүрийн амьдралыг хүлээн авах, ертөнцийг хүлээн авах үзэл нь өөр. Тиймээс Монгол иргэдийн сэтгэлгээ, зан чанар гадаад үзэгчдэд сонин байх болов уу гэж бодож байна. Гадаад иргэдийн санаанд буухгүй зүйлүүд манай жүжигт их бий” гэлээ.

0 cэтгэгдэлтэй