Товчхон
               

Н.Баярмөнх: Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй

               
2022-05-17 0
Зургийн эх сурвалж: MPA

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнөөр цэцэрлэг сургуулийн хүртээмж, халамжаас хөдөлмөрт төсөл хөтөлбөр, иргэдийн зүгээс ТҮЦ нэмж байршуулахгүй хэмээн өгсөн шаардлагын талаар хэлэлцжээ.

Цэцэрлэг сургуулийн хүртээмжийн хувьд Баянзүрх дүүрэгт өнөөдрийн байдлаар гурван ээлжээр хичээллэдэг цэцэрлэг, сургууль байхгүй ч цаашид хүн амын өсөлт, суурьшилтаас болж үүсэх эрсдэлтэй. Тиймээс нэг хороонд дор хаяж нэг цэцэрлэг, сургууль шаардлагатай байгаа талаар Боловсролын хэлтсээс мэдээлсэн.

Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс холбогдох УИХ-ын гишүүд, дүүрэг, нийслэлийн төлөөлөгч нарт уламжилж шаардлагатай төсөв тавиулах ажлыг хийнэ гэдгээ мэдэгдлээ. Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс “Халамжаас – Хөдөлмөрт” төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд нээлттэй өдөрлөг зохион байгуулах хүсэлтээ тавьсан. Үүнд Баянзүрх дүүргийн удирдлагын багийн зүгээс 6 сардаа багтааж өдөрлөг зохион байгуулж өгөхөөр боллоо.

Үүний дараа ТҮЦ-тэй холбоотой иргэдийн санал хүсэлтийг Баянзүрх дүүргийн удирдлагууд, хорооны Засаг дарга нар хэлэлцлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх “Бид өнгөрсөн хоёр жилийг коронавирусийн цар тахлын хямрал дор өнгөрүүлсэн. Тэр ч утгаараа тухайн үед бизнес эрхлэгчдээ жижиг том гэлтгүй бүгдийг нь боломжоороо дэмжиж ирсэн.

Гэтэл үүнийг зарим нь буруугаар ойлгож дүүргийн хэмжээнд дуртай газраа ТҮЦ тавьж явган хүний зам хаах, орчны бохирдол үүсгэх зэрэг асуудлууд гарсаар байна. Иргэд ч үүнд бухимдаж удаа дараа дүүрэгт хүсэлт ирүүллээ. Тиймээс Баянзүрх дүүрэгт шинээр ТҮЦ тавиулахгүй. Цаашид тодорхой стандарт, дүрэм журмын дагуу бизнес эрхлэгч нартай хамтран ажиллана” гэсэн юм.

Хурлын төгсгөлд Засаг даргын зүгээс хороо, алба хэлтсийн удирдлагуудыг өөр хоорондоо уялдаатай ажиллаж, иргэдийн санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх, иргэдээ уриалах ажилд идэвхтэй оролцохыг үүрэг болголоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Холбоотой мэдээ