Товчхон
               

Эртний солироос асар хүчтэй тэсрэлтийн ул мөр олджээ

               
2022-05-18 0

 Геологичид “Hypatia” солироос Ia төрлийн асар хүчтэй супернова тэсрэлтээс үүссэн тоосонцор илрүүлсэн тухай Өмнөд Африкийн Йоханнесбургийн их сургууль мэдээлжээ. Эрдэмтдийн судалгааны талаарх өгүүлэл “Icarus” сэтгүүлд нийтлэгдсэн байна.

Геологичдын тооцоолсноор, “Hypatia” солир нь ойролцоогоор 25-30 сая жилийн өмнө дэлхий дээр унажээ. Уг солирыг 1996 онд Египетийн баруун өмнөд хэсэгт орших цөлд малтлага хийх үеэр санамсаргүй олсон байна. 2013 оныг хүртэл буюу Йоханнесбургийн их сургуулийн эрдэмтэн Ян Дирк Крамерс, Георгий Белянин нар чулууг сансрын гаралтай гэдгийг мэдэх хүртэл одон орон судлаач, геологичдын анхаарлыг нэг их татаагүй аж. 

Энэ үеэс эрдэмтэд чулууг судлах болж, дотор нь нано алмааз, дэлхийн бус органак бодисууд байгааг анзаарчээ. Хэдэн жилийн өмнө эрдэмтэд солирын зүсмэлийн зургаас бусад хэсгээсээ өнгө, бүтцийн хувьд өөр хэсгийг олж харсны дараа “Hypatia”-г дахин судалж эхэлсэн байна. Рентген спектроскоп болон бусад багаж хэрэгслийг ашиглан судлаачид огт өөр хэсгийн химийн болон эрдэс бодисын найрлагыг судлахад бусад хэсгээсээ ялгаатай төдийгүй бүх мэдэгдэж буй солир, сүүлт од, сансрын бүх төрлийн тоосонцортой адил байжээ.

Уг хэсгийн найрлага нь төмөр агуулсан боловч цахиур, хөнгөн цагаан, кали, титан, зэс болон бусад элементийн атомуудыг агуулаагүй байжээ. Эрдэмтэд тэдгээрийг харьцуулан дүн шинжилгээ хийж, элементүүдийн харьцаа нь Ia төрлийн супернова тэсрэлтийн үед үүссэн бодисын найрлагатай тохирч байна гэсэн дүгнэлтэд хүрсэн байна.

“Хэрэв бидний онол зөв бол “Hypatia” нь дэлхийн гадаргуугаас илэрсэн 1-р төрлийн супернова тэсрэлтийн анхны бодит ул мөр юм. Энэхүү нээлт нь супернова тэсрэлтээс хаягдсан тоосонцрын үүл нь үүсэн бий болж буй оддын системд нэвтэрч, урьд өмнө боломжгүй гэж үзэж байсан анхны хэлбэрээрээ хадгалагдах боломжтой гэдгийг харуулж байна” гэж Ян Крамерс мэдэгджээ. 

Холбоотой мэдээ