Экспорт өмнөх сарынхаас 18.7 хувиар нэмэгдэв

               
2022-05-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Манай улс энэ оны эхний 4 сард 134 улстай худалдаа хийв. Гадаад худалдааны бараа эргэлт 5.1 тэрбум, үүнээс экспорт 2.8 тэрбум, импорт 2.3 тэрбум ам.доллар байна.

Бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 690.8 (15.5 хувь) сая, экспорт 302.7 (12.1 хувь) сая, импорт 388.1 (19.8 хувь) сая ам.доллароор нэмэгджээ. Мөн экспорт өмнөх сарынхаас 138.1 (18.7 хувь) сая, импорт 5.7 (0.9 хувь) сая ам.доллароор нэмэгдсэнийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.

Гадаад худалдааны тэнцэл энэ оны эхний 4 сард 450 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 85.4 (15.9 хувь) сая ам.доллароор багасжээ. Мөн 4 дүгээр сард 198.6 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 89.8 (82.5 хувь) сая ам.доллароор нэмэгдсэн байна.

БНХАУ-тай энэ оны эхний 4 сард 3.1 тэрбум ам.долларын худалдаа хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 59.7 хувийг эзэлж байна. БНХАУ-д экспортолсон бараа бүтээгдэхүүний 43.8 хувийг зэсийн баяжмал, 42 хувийг чулуун нүүрс эзэлж байгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.9 хувийг алт эзэлжээ.

Экспорт энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеийнхээс 302.7 сая ам.доллароор нэмэгдэхэд нүүрсний экспорт 299.7 сая, зэсийн баяжмалын экспорт 236.2 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. Нүүрсний хилийн дундаж үнэ сүүлийн 3 сар дараалан нэмэгдсэн бол боловсруулаагүй газрын тос экспортод гаргаагүй аж.

Экспорт 2022 оны 4 дүгээр сард өмнөх сарынхаас 138.1 сая ам.доллароор өсөхөд чулуун нүүрсний экспорт 39.7 сая ам.доллароор нэмэгдсэн нь нөлөөлжээ. 

Холбоотой мэдээ