Товчхон
               

Японы SBI холдингс АСА циркт хөрөнгө оруулна

               
2022-05-18 0
Зургийн эх сурвалж: MPA

Японы хөрөнгө оруулагч томоохон компаниудын нэг SBI холдингс Монголын компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаараа мэдээлжээ.

Энэхүү хөрөнгө оруулалт нь Монгол Улсын соёл, урлагийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж байгааг онцлоод гэрээний хүрээнд “Рояал Плаза” компани циркийн үзвэрийн ордны бүхэл бүтэн цогцолборын чиг үүргийг бэхжүүлж, Монголын урлаг, спорт, үзвэр үйлчилгээний хөгжилд хувь нэмрээ оруулах зорилготой болохыг дурдсан байна.

Гэрээг SBI Ventures Asset Pte компанийг төлөөлж Рёсүкэ Хаяаши, SBI Holdings компанийг төлөөлж тус компанийн ерөнхийлөгч Ёшитака Китао болон “Рояал Плаза” компанийн гүйцэтгэх захирал М.Отгонцэцэг нар байгуулж, гарын үсэг зуржээ.

Тус группийн сайтад мэдээлснээр “Рояал Плаза” компани нь 2007 онд байгуулагдсан бөгөөд хуучин улсын циркийг хувьчилж, одоогийн АСА циркийг байгуулан дотоод, гадаадын уран бүтээлчдийг урьж циркийн урлагийн тоглолт зохион байгуулахаас гадна оффис, ресторан гэх мэтээр тохижуулж, Улаанбаатар хотын иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулж байгаа гэжээ.

Түүнээс гадна Монгол Улсыг газар нутаг, ашигт малтмалын нөөцөөр баялаг бөгөөд хүн амын гуравны нэг нь нэн залуу буюу 15-34 насныхан, математикийн чиглэлээр хүний нөөц сайтай тул программ хангамжийн хувьд ирээдүйтэй орон гэдгийг онцлоод газарзүйн байршил болон соёлын хувьд Хятад, бусад тусгаар улсуудтай ойр оршдог тул Японы компаниуд хүрч чадаагүй байсан хүрээгээ тэлэхэд Монгол Улс ач хоблогдолтой болохыг дурдсан байна.

Монгол-Япон улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ онд тохиож буй. Тиймээс SBI холдингс энэхүү хөрөнгө оруулалтаараа дамжуулан дэлхийн өнцөг булан бүрээс венчур компаниудын технологи, үйлчилгээг Монголын зах зээлд нэвтрүүлж, Монголын ирээдүйтэй компаниудыг нээн илрүүлж, дэмжиж, монголчуудын ахуй, соёл, урлагийг тогтвортой хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулахаа илэрхийлжээ.

Холбоотой мэдээ