Товчхон
               

“Фүкүшима-1” станцын цэвэрлэсэн усыг далайд асгах төлөвлөгөөг батлав

               
2022-05-18 0

2011 оны хүчтэй газар хөдлөлт, цунамигийн улмаас осол гарч байсан “Фүкүшима 1” атомын цахилгаан станцын /АЦС/ цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгах төлөвлөгөөг Японы цөмийн эрчим хүчинд хяналт тавих асуудал эрхэлсэн Засгийн газрын хороо баталжээ.

Японы эрчим хүчний томоохон “Tokyo Electric Power” компанийн (TEPCO) боловсруулсан уг төлөвлөгөөний дагуу усыг далайн ёроолын хонгилоор асгах ажлыг эргээс 1 орчим км-ийн зайд хийх ёстой бөгөөд 2023 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж байна. Станцын усыг хонгилоор дамжуулан нутгийн загасчид загасчлах зөвшөөрөлгүй газар руу урсгана. Энэ нь загасчдын нэр хүндэд учрах эрсдэлийг бууруулах зорилготой юм.

Тавдугаар сарын 18-20-нд Олон улсын цөмийн эрчим хүчний агентлагийн (МАГАТЭ) захирал Рафаэль Гросси Японд айлчилж, тус улсын Гадаад хэргийн сайд Хаяши Ёшимасатай хэлэлцээ хийхээс гадна, Фүкүшима мужид очихоор төлөвлөжээ.

Японы Засгийн газар “Фүкүшима 1” АЦС-ын цацраг идэвхт бодисоос цэвэрлэсэн усыг далайд асгахыг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард албан ёсоор зөвшөөрсөн билээ.

Одоогийн байдлаар станцын нөөцлүүр савуудад аюултай цацраг идэвхт бодисуудаас цэвэрлэсэн 1 сая 25 мянга гаруй тонн ус хуримтлагджээ. Энэ усыг 30 жилийн хугацаанд үе шаттайгаар далайд асгахаар төлөвлөсөн байна. МАГАТЭ энэ үйл явцад байнгын хяналт тавихаар төлөвлөжээ. Хэдийгээр усыг цэвэршүүлсэн ч цацраг идэвхт трит агуулагдсан хэвээр байгаа аж. Японы Засгийн газар усыг далайд асгах үед энэ бодисын агууламж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас ундны усны тогтоосон стандартад нийцсэн байна гэж мэдэгдсэн юм.

Холбоотой мэдээ