Товчхон
               

Беларусийн энхийг сахиулагчид бүхий 10 онгоц Казахстанаас хөөрчээ

               
2022-01-14 0

Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагын /ХАБГБ/ Энхийг сахиулах хамтын хүчний бүрэлдэхүүнд Казахстаны нийгмийн ач холбогдолтой объектуудыг хамгаалах үүрэг гүйцэтгэсэн Беларусийн цэргүүд ОХУ-ын Агаар, сансрын хүчний 10 онгоцоор Минск хот руу нисжээ. Энэ тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ.

Тус яамнаас мэдээлснээр, нисэх онгоцууд Житыген нисэх онгоцны буудлаас хөөрчээ.

ХАБГБ-ын Хамтын аюулгүй байдлын зөвлөлийн 2022 оны нэгдүгээр сарын 6-ны өдөр гаргасан шийдвэрийн дагуу нөхцөл байдлыг хэвийн болгох үүднээс тус байгууллагын Энхийг сахиулах хамтын хүчнийг Казахстанд тодорхой хугацаагаар илгээсэн. Хамтын хүчний бүрэлдэхүүнд Орос, Беларусь, Армени, Тажикистан, Киргизийн Зэвсэгт хүчний анги нэгтгэлүүд багтсан юм. Оросын анги нэгтгэлүүдийн гол үүрэг нь Алматы хот дахь стратегийн объектуудыг хамгаалалтад авах байв. Энхийг сахиулах багийг Казахстаны нутаг дэвсгэрээс үе шаттайгаар гаргах ажиллагаа 2022 оны нэгдүгээр сарын 13-наас эхэлсэн бөгөөд хэд хоног үргэлжилнэ. ОХУ-ын БХЯ-ны мэдээлснээр, тус улсын десантын цэргийн эхний анги пүрэв гарагт “Ил-76МД” загварын дөрвөн нисэх онгоцоор Казахстанаас гарчээ. 

Холбоотой мэдээ