Товчхон
               

Ирэх онд 18 зорилго бүхий 75 багц ажил хэрэгжүүлнэ

               
2022-05-19 0
Зургийн эх сурвалж: MPA

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр МАН-ын бүлэг түр завсарлага авлаа.

Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөөний төсөлд яам, агентлаг болон нутгийн захиргааны байгууллагаас нийт 643 төсөл хэрэгжүүлэх санал ирүүлсэн бөгөөд нийт 41.7 их наяд төгрөгийн санхүүжилт шаардлагатай аж. Эдгээр саналыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт түүний удирдлагын тухай хуульд заасан шаардлага болон төлөвлөлтийн арга зүйг баримтлан хянаж, 18 зорилго бүхий 75 багц ажил хэрэгжүүлэхээр төсөлд байна. Төсөлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд 15 их наяд 137 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 887 тэрбум 663 сая төгрөг,  гадаадын зээл, тусламжаар 1 их наяд 646 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн хөрөнгөөр 420 тэрбум төгрөг, гадаад, дотоодын хөрөнгө оруулалтаар 6 их наяд 34 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэлээр 4 их наяд 197 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 951 тэрбум 458 сая төгрөгийн санхүүжилтийг хийхээр Засгийн газар төлөвлөсөн байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 100 мянган ажлын байр бий болгохоор тусгаснаас өнөөдрийн байдлаар хэдийг бий болгосон, ирэх жил хэдэн ажлын байр гаргахыг асуулаа.

Монгол Улсын хэмжээнд 2020 оноос хойш 28 390 байр бий болсон байна. Цар тахлын нөхцөл байдлын үед хөдөлмөрийн зах зээл хумигдаж байсан ч 2021 оноос сэргэсэн байгааг тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багаас онцлов. Мөн Монгол Улсын хөгжлийн төлөвлөгөөний төсөлд бүтээлч хөдөлмөрийг дэмжиж, ажлын байрыг нэмэх төсөл тусгасан байна.

Харин УИХ-ын гишүүн Д.Ганбат дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ буурч байгааг дурдлаа. Мөн тэрбээр дэлхийн зах зээлд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өндөр байх үеийг ашиглаж чадсангүй хэмээн шүүмжлэв.

Монгол Улсын гол экспортын бүтээгдэхүүний үнэ өндөр байгаа үеийг ашиглаж чадахгүй байгаа нь үнэн. Энэ нь зөвхөн Монгол Улсаас шалтгаалахгүй байгааг Сангийн сайд Б.Жавхлан хэллээ. Тэрбээр, “Цар тахлын хүнд үеийг бид туулж байна. Мөн олон улсын геополитикийн асуудал ч хүнд цохилт болж байна. БНХАУ руу уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 620 тээврийн хэрэгсэл өдөрт гарч байна. Цаашдаа нэмэгдэх боломж бий” гэв.

Ийнхүү тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ дахь МАН-ын дэд дарга Ж.Сүхбаатар тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын багийн зарим гишүүн байхгүй байгаа тул 2 цагийн завсарлага авах хүсэлт гаргасныг УИХ-ын дарга хүлээн авлаа.

Чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

Холбоотой мэдээ