Товчхон
               

Д.Цогтбаатар: Зүгээр нэг хувцасны асуудал биш, төрийн иргэддээ хандах сэтгэлгээний асуудал юм

               
2022-05-19 0
Зургийн эх сурвалж: MPA

Төрийн ордонд нэвтрэх журмыг өөрчлөх талаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Төрийн ордон бол иргэдийн ордон. Тэгэхээр иргэдийн ордонд ямар журмаар нэвтрэх вэ, “dress code” ямар байх зэрэг асуудал нь журмаар зохицуулагдсан байдаг. Дөрөвдүгээр сарын 11-нээс 10 гаруй гишүүн гарын үсэг зураад, Төрийн ордонд нэвтрэх журамд өөрчлөлт оруулахаар ажиллаж, санал өгөх ээлжээ хүлээж байсан юм.

Яг энэ үеэр буюу саяхан хүүхдүүдийг ордонд пүүзтэй нэвтрүүлэхгүй гэх бидний ярьж байгаа асуудал гарч ирлээ. Тэр утгаар холбогдох журмыг өөрчлүүлэх саналыг дэмжсэн 10 гишүүн гарын үсгээ зураад Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газарт хүргүүлсэн. Эерэгээр шийдэгдэнэ гэдэгт итгэж байна.

Энэ нь зүгээр нэг хувцасны асуудал биш. Төр иргэддээ яаж хандаад байгаа вэ гэдэг сэтгэлгээний асуудал юм. Би ч залуу явсан. Хоёр жинсэн өмд, ганц гутлаас өөр хувцасгүй явдаг үе ч байсан. Мөн сонгогчдоос саналыг нь аваад ордонд орж ирчихсэн хойноо ажлын газар нь сонгогч ирж уулзъя гэхээр хувцас чинь жоохон биш байна гэж болохгүй. Сонгуулийн ардчилсан тогтолцоо, хүний эрх, үл ялгаварлах зарчмуудаа бүгдийг нь зөрччихөөд байна. Энэ нь олон жил үргэлжилж яваа.

Жинстэй оруулахгүй гэдгийг яагаад солих ёстой вэ гэвэл, хуучин коммунизмын үед жинсийг капиталист буюу үхэрчний хувцас гээд хүлээн зөвшөөрдөггүй байв. Тэгэхээр коммунист сэтгэлгээний цаад үзүүр нь энэ яваад байгаа нь өөрөө журам эсвэл хувцасны тухай биш төр иргэдтэйгээ харьцах шинэ зарчимд нийцэн ажиллах сэтгэлгээний асуудал болж байна.

Бидний өргөн барьсан асуудлын гол нь иргэд нэвтэрч Төрийн ордонтой танилцах, сонгогчид Төрийн ордонд орж ирээд гишүүдтэйгээ уулзах нь тус тусдаа журмаар зохицуулах явдал юм.
Өөрөөр хэлбэл иргэд ордонтой танилцахаар ороход пүүз өмссөн эсэх нь хамаагүй. Бас гишүүд дээр сонгогчид нь орж ирэхэд өөр нэг журам гаргаж байгаа гэсэн үг. Харин Төрийн ордонд ажилладаг хүмүүсийн хувцас журамд заагдсанаараа байна, тэрийг оролдохгүй” хэмээсэн юм.

Холбоотой мэдээ