НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулган нээлтээ хийлээ

               
2023-09-20 1

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы үйл ажиллагаа АНУ-ын Нью-Йорк хотноо эхэллээ. Энэ удаагийн чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх оролцохоор хүрэлцэн ирээд буй. 


Монгол Улс Нэгдсэн Үндэстний Байгууллагад 1961 оны аравдугаар сарын 27-нд 101 дэх гишүүнээр элссэн түүхтэй.  Манай улс НҮБ-д гишүүнээр элссэн цагаасаа хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблей (ЕА)-н ээлжит болон тусгай чуулган, дээд, өндөр түвшний уулзалт, хурал, арга хэмжээнд төр, засгийн тэргүүний түвшинд тогтмол идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулж ирсэн юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгч НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд оролцож, олон улсын харилцааны тулгамдсан асуудлаар Монгол Улсын байр суурийг илэрхийлнэ. Мөн үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш болон зарим улсын төр, засгийн тэргүүнтэй уулзалт хийх юм. Өнөөдрийн хувьд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио бараалхах ба Швейцарын Холбооны Улсын Ерөнхийлөгч Ален Берсе, Казахстан Улсын Ерөнхийлөгч К.Ж.Токаев нартай уулзах юм.

Чуулганы Ерөнхий санал шүүмжлэл “Итгэлцлийг сэргээж, дэлхийн эв нэгдлийг дэвжээх нь: Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилгуудын хэрэгжилтийг бүх нийтийн энх тайван, хөгжил цэцэглэлт, ахиц дэвшлийн төлөө эрчимжүүлэх нь” сэдвийн дор болно. Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтаа ахиулах” дээд түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэг, “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Цар тахлаас урьдчилан сэргийлэх, бэлэн байдал, хариу арга хэмжээний асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Сүрьеэгийн асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Ирээдүйн асуудлаарх” дээд түвшний чуулга уулзалтын Сайд нарын түвшний бэлтгэл хуралдаан, “Цөмийн зэвсгийг бүрмөсөн устгах олон улсын өдрийг тохиолдуулан зохион байгуулах өндөр түвшний уулзалт зэрэг дэлхийн улс орнуудын өмнө тулгарч буй асуудлаар өндөр дээд түвшний уулзалтууд болох аж.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Тогтвортой хөгжлийн зорилгуудын асуудлаарх” өндөр түвшний уулзалт, “Хөгжлийн санхүүжилтийн асуудлаарх” өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцоно. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тэргүүтэй Засгийн газрын төлөөлөгчид тус чуулганы үндсэн үйл ажиллагаанд оролцох юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2021 оноос жил бүр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн Ерөнхий санал шүүмжлэлд оролцож буй. 

Холбоотой мэдээ