Товчхон
               

Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 7 дахь удаагаа түрүүлэв

               
2022-05-23 0

Токио хотын Рёогокү ордонд Мэргэжлийн сумо бөхийн Нацү башё /Зуны тэмцээн/-гийн 15 дахь өдрийн барилдаан /2022.05.22/ болж, 73 дахь Их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр түрүүлэх болзлоо ханган, Японы Эзэн хааны цомыг 7 дахь удаагаа хүртлээ.  

Тэрбээр гуравдугаар сарын башёд баруун шагай, өвдгөндөө бэртэл авсан бөгөөд энэ сарын сүүлийн барилдаанд Озэки Митакэүмитэй учраа таарч, түүнийг ёрикири мэхээр хаяснаар 12 даваа 3 унаатай ийнхүү Нацү башёд тэргүүлж чадлаа.

Харин 15 дахь өдрийн барилдаанд Комүсүби Хошёорюү С.Бямбасүрэн Кирибаяама /М-2/ Б.Лхагвасүрэн нар учраа таарч хүчээ сорьсноос Кирибаяама өрсөлдөгчөө уватэхинери мэхээр давснаар 10 даваатай болсон бол Хошёорюү 8 даваа, 7 унаатай башёг дуусгав.

Энэ өдөр 11 даваатай башёг тэргүүлж явсан Таканошо /М-4/, Саданоүми /М-12/-д сүкүинаге мэхээр ойчиж тэд адил 11 даваа, 4 унаатай башёг дуусгасан юм.

Тамаваши /М-3/ Б.Мөнх-Оргил 15 дахь өдрийн барилдаанд Ичияамамото/М-15/-той хүч үзэж, түүнийг цүкидаши мэхээр хаяснаар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүлэв. Чиёошома /М-11/ Г.Мөнхсайхан энэ өдөр Такаясү /М-1/-тэй барилдаж, түүнд уватэнаге мэхээр унаж 6 даваа, 9 унаатай Нацү башёг дуусгалаа. Мөн Азүмарюү /М-15/ С.Тодбилэг 15 дахь өдөр Тэрүцүёоши /М-8/-д унаснаар 5 даваа, 10 унаатай тэмцээнээ дуусгасан юм.  

Нацү башёд хүч үзсэн 3 Озэки цолтноос Шодай, Митакэүми нар 5 болон 6 даваа авсан бол Такакейшо сүүлийн өдөр Шодайг цүкиотоши мэхээр хаяж 8 даваатай башёг дуусгалаа.

Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг

Холбоотой мэдээ