Товчхон
               

“Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан ч гацсан төсөл

               
2022-05-26 0

Цар тахлын дараа Засгийн газраас дэвшүүлж, УИХ-аар батлуулсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд суурь дэд бүтцийн болон засаглалын асуудлыг шийдвэрлэхэд эхний ээлжинд 57 их наяд, бүрэн шийдвэрлэхэд 100-120 орчим их наяд төгрөг шаардлагатай. Мэдээж үүнийг улсын төсвөөр хийж чадахгүй учраас хувийн хэвшлийнхнийг хамтран ажиллахыг уриалж, бүх талаар дэмжихээ Засгийн газар  илэрхийлсээр байгаа.

Энэхүү бодлогод туссан зургаан багц асуудлын нэг бол “Боомтын сэргэлт”.

Ерөнхий сайд “Боомтын хүчин чадлаар Монгол Улс дэлхийн 160 улсаас 130-т эрэмбэлэгддэг. Засгийн газраас Ханги, Бичигт, Шивээхүрэн, Арцсуурь боомтыг төмөр замаар холбох ажлыг эхлүүлсэн бол “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Ханги, Цагаандэл Уул, Бургастай, Цагааннуур, Тэс, Арцсуурь, Ханх, Бага Илэнхи, Зэлтэр, Ульхан, Хавирга, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг боомтыг авто замаар холбож, бүс нутгийн эдийн засгийн өрсөлдөх чадварыг үе шаттайгаар сайжруулах зорилтууд багтаж байгаа” хэмээн УИХ-д хэлсэн үгэндээ Ерөнхий сайд онцолсон юм.

Одоогийн байдлаар Цагааннуур, Ульхан, Хавирга, Зэлтэр, Ханги, Цагаандэл Уул боомт чиглэлийн авто замуудын хөрөнгө оруулалтын асуудал шийдэгдсэн гэдгийг Зам тээврийн хөгжлийн яамнаас өгсөн мэдээллээс харж болно.

Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтын 25.5 км автозамыг Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр, Дорнодын Ульхан, Хавиргын боомтын автозамыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Сэлэнгийн Зэлтэрийн боомтын 123 км автозам, Өмнөговийн Хангийн боомтын 416 км автозам, Цагаандэл Уул боомтын 270 км автозамыг концессоор барьж байгуулахаар хөрөнгө оруулалтыг шийдэж, хувийн хэвшилтэй эхнээс нь гэрээгээ байгуулсан аж. Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын ярьснаар “Төслийн үр дүнд экспорт нэмэгдэнэ, хилийн боомтууд руу чиглэсэн аялал жуулчлал хөгжинө, хамгийн гол нь эдгээр замыг барих явцад 3080 түр ажлын байр бий болгох бол ашиглалтад оруулсны дараа 760 гаруй хүн байнгын ажлын байртай болно гэж тооцсон” аж.

Дээрх автозамуудын ажлаас ТЭЗҮ хийгдэж, Засгийн газраас шийдвэр нь аль эрт гарсан ч ажил нь эхлэхгүй удааширсан нь Цагаандэл Уул боомт хүртэлх 270 км авто замын бүтээн байгуулалт юм. 2014 оноос яригдсаар 2018 онд Засгийн газрын 330 дугаар тогтоолоор Концессын гэрээ байгуулах зөвшөөрөл олгосон байдаг. Гэрээ ёсоор бол 2023 онд энэ зам ашиглалтад орсон байх ёстой гэнэ. Гэтэл орон нутгаас зам барих зурвас газрын зөвшөөрөл олгогдоогүйгээс хэмээн өнөөдрийг хүртэлх замын барилгын ажлыг эхлүүлэхгүй гацааж орхижээ.

Өмнөговь аймгаас УИХ-ын гишүүн болсон Н.Наранбаатар 2019 онд аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Ханхонгор, Номгон, Хүрмэн сумын ИТХ-ын дарга болон Засаг дарга нарыг энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхийг үүрэг чиглэл болгож байсан ч шийдэгдэлгүй УИХ руу орж. Ингээд Засгийн газраас орон нутгийн удирдлагад  зам барилгын ажлыг эхлүүлэх чиглэл 2021 оны 11 дүгээр сард өгсний дагуу энэ оны гуравдугаар сард зөвшөөрөл олгожээ.

Концессын гэрээ байгуулсан компани ажлаа эхлэхээр тоног төхөөрөмжөө байршуулж эхэлтэл нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарах ахиад саатсан аж. Чухам яагаад эсэргүүцэж байна вэ гэхээр Өмнөговь аймгийн нутагт ахиад шинээр уурхай нээгдэж болзошгүй учраас гэх тайлбар өгдөг. Өөрөөр хэлбэл, боомтоос илүү зам дагасан уурхай олноор бий болох эрсдэлтэй гэж үзэж эсэргүүцдэг гэдэг.

Харин тус аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Н.Наранбаатар 2019 онд Засаг дарга байхдаа замын ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгохыг чиглэл болгож байсан атлаа өнөөдөр “Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтыг хөгжүүлж чадаагүй төр засаг Цагаан дэлийн боомтыг хөгжүүлж чадна гэдэгт итгэхэд бэрх” хэмээн яриад сууж байх юм. Хэрвээ үнэхээр ингэж бодож байсан бол анх замын ажил яригдаж байхад орон нутагт ажиллаж амьдарч, удирдах түвшний алба хааж байсан хүний хувьд яагаад анхааруулсангүй вэ. УИХ дээр 2021 оны сүүлийн өдрөөр баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д энэ боомтын ажил багтсан. Гэтэл яагаад эрчимтэй эсэргүүцэж, сануулсангүй вэ.

Харин Хүрмэн сумын Засаг дарга Б.Ганболдын хувьд “Сум, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Засаг дарга нарт Монгол Улсын Их хурал, Засгийн газрын шийдвэрээс давж ажиллах, хилийн боомт нээх, бүтээн байгуулалтын ажил эхлүүлэх, аж ахуй нэгжүүдтэй гэрээ байгуулах эрх мэдэл байдаггүй гэдгийг манай иргэд ойлгох хэрэгтэй юм. Цагаандэл Уул – Өлзий боомтын эргэн тойронд болж буй үйл явцад малчид, нутгийн ард иргэдийг турхирч, буруу зөрүү ойлголт үүсгэж байгаа аливаа сөрөг хүчин, хувь хүмүүст хандаж хэлэхэд Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж байгууллагууд үйл ажиллагаа явуулж байгаа тул бид өөрчлөх ямарч боломжгүй билээ” хэмээн бичжээ.

Харамсалтай нь, Засгийн газар, орон нутгийн удирдлагууд, иргэдийн үл ойлголцлын дунд хувийн хэвшлийнхэн хавчуулагдсаар цаг хугацаа хөрөнгө мөнгөө бардаг нэг жишээ бол энэ. Засгийн газраас зарласан Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд төлөвлөгдсөн ажлуудаас иймэрхүү гацаанд орсон нь нэг биш. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд  Шинэ сэргэлтийн бодлогыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд төр хувийн хэвшилдээ итгэл хүлээлгэж, хөрөнгөө гарган бүтээн байгуулалт хийж, эрсдэлээ үүрч байгаа тохиолдолд бүхий л талаар дэмжинэ хэмээн амласан. Тиймээс ч хууль эрхзүйн таатай орчинг бүрдүүлэхээр Сангийн яамнаас Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төслийг шинээр боловсруулан хэлэлцүүлж байгаа юм. Гэвч хувийн хэвшлийн зүгээс 100 хувь эрсдэлээ даагаад төслөө хэрэгжүүлэхээр оруулж ирсэн байтал төрийн бодлого зохицуулалтын ойлгомжгүй байдлаас үүдэн хувийн хэвшлийнхэн эхнээсээ шантарч эхэллээ. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх 100 гаруй их наяд төгрөгөөр хэмжигдэх төслийг төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх боломж яг үнэндээ тэг. Ингээд харвал Шинэ сэргэлтийн бодлого ээлжит нэг цаасан дээрх баримт бичиг болоод үлдэх эрсдэлтэй болсныг эрхбиш Засгийн газрын зүгээс мэдэрч байгаа нь лавтай.

Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ сарын 26, 27-нд Өмнөговь аймагт ажиллахаар товложээ. Үнэхээр Цагаандэл Уул боомт эдийн засгийн хувьд ашигтай юу, яагаад Шинэ сэргэлтийн бодлогод тусгасан юм бэ. Цаашид зам дагасан уурхайнууд шинээр байгуулах уу. Автозамын ажлыг ямар чанар стандарттай хийж чадах вэ. Одоогийн зам шиг онгорхой, цоорхой болгочихгүйн тулд ямар шаардлага тавих вэ. Орон нутгийн иргэд үүнд ямар оролцоотой ажиллах вэ гээд олон асуултын хариулт тодорхой болох биз.

Аймгийн иргэд ч хийсэн ажил, хэлэх үгээ бэлдчихээд хүлээж байгаа бололтой. Хамгийн гол нь төсөлд орсон хувийн хэвшлийнхэн энэ хугацаанд хөрөнгө мөнгө, цаг хугацаагаар хохирсоор байгааг хаа хаана мэдэрч, бодлогоо зарладаг болохсон.

Холбоотой мэдээ