
Соёлын биет бус өвийн “Нүүдэлчин” их наадам Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт орших “Тайж хайрхан”-ны өвөрт хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Нүүдэлчдийн их наадамд зорин ирж оролцож буй аймгуудын авьяастнууд язгуур урлагийн тоглолтоо үзүүлэхийн зэрэгцээ их насны морьдын уралдаан, урианхай сур, шагайн харвааны тэмцээн зохион байгуулж байгаа юм. Нийслэлээс гадна 21 аймаг, нүүдэлчин соёлт улс орнуудын өвлөн уламжлагч, ардын авьяастнууд нутаг нутгийнхаа уламжлалт зан үйл, онцлогийг илтгэсэн язгуур урлагийн тоглолтоо наймдугаар сарын 20 буюу маргаашийг дуустал сонирхуулна. Энэ удаагийн “Нүүдэлчин” фестивалийн хүрээнд Монгол Улсын төлөөллийн болон Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн 7 ай савын 362 төрөл зүйлийг 21 аймаг, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчдын зан үйл, ахуй байдал, язгуур урлагийн тоглолт, гар урлалын үзэсгэлэн, соёлын биет бус өвийг таниулан сурталчлахаас гадна уламжлалт уралдаан, тэмцээн, спортын үзүүлбэр, соёлын бүтээлч үйлдвэрлэл, уламжлалт хоол хүнсний үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна.
Өнөөдөр их наадмын “Нүүдэлчин” их тайзнаа урлаг соёлын алдартнууд оролцсон “Монгол түмний их цэнгэл наадаан” хүндэтгэлийн тоглолт боллоо. Түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Саха Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын өвлөн уламжлагч, ардын авьяастнууд язгуур урлагийн тоглолтоо сонирхуулж, аймгууд язгуур урлаг, өв соёлын үзүүлбэрээ толилуулав.
“Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивальд нүүдлийн ахуйн уламжлал соёлтой улс орнуудыг урьж оролцуулснаар Монгол орны талаарх болон нүүдлийн ахуй, соёлын онцлогийг дэлхий дахинд эергээр сурталчлах соёлын арга хэмжээ гэж зохион байгуулагчид үзэж байна.



“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод “Үндэсний оюун санаа, өв соёл, сэтгэлгээнд тулгуурласан бүтээгч монгол хүн төвтэй нүүдлийн соёл иргэншлийг хадгалсан тэргүүлэх улс болно”, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Соёлын өвийг дэлхий дахинд сурталчлах чиглэлээр олон улсын арга хэмжээг зохион байгуулна”, “Байгаль, түүх, соёлын аялал жуулчлалын эвент арга хэмжээнүүдийг тогтмол зохион байгуулж, цар хүрээг өргөжүүлнэ” гэсэн байдаг.
Мөн соёлын биет бус өвийг хадгалж хамгаалах, түүнийг өвлөн уламжлагчийг тодруулах, алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, олон нийтэд сурталчлан, түгээн дэлгэрүүлэх зорилгоор гурван жил тутам улсын хэмжээнд соёлын биет бус өвийн их наадмыг зохион байгуулж байхаар “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-д заасан.





0 cэтгэгдэлтэй