Товчхон
               

Ерөнхийлөгч улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториор орлоо

               
2022-06-08 0

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний үйлдвэр, эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, лабораториудад ажиллаж байна.

Тэрбээр Мал эмнэлгийн ерөнхий газрын харьяа Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораториор орлоо.

Төв лаборатори мал, амьтны гоц халдварт, халдварт, паразит, халдваргүй, хордлогот өвчнийг илрүүлэх, оношлох, онош баталгаажуулах, тэдгээрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг зөвлөх, хэрэгжүүлэх, экспорт, импортын мал, амьтан, түүхий эд, бүтээгдэхүүнд мал эмнэлэг, эрүүл ахуйн баталгаа гаргах, аймаг нийслэл, сум дүүргийн мал эмнэлгийн лабораторийг нэгдсэн арга зүй, арга, аргачлалаар хангадаг юм.

2021 онд мал, амьтны гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг болон өмнө нь Монгол оронд гарч байгаагүй үхрийн арьс товруутах өвчнийг дарж, халдварын тархалтыг бүрэн хяналтад аваад байгааг Монгол Улсын малын ерөнхий эмч Д.Батчулуун танилцууллаа.

Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага Монгол Улсыг үхрийн цээж өвчний байгалийн халдваргүйг олон улсын хэмжээнд баталгаажуулсан шийдвэр гаргасан байна.

Цаашид нийт нутгийг ямааны годрон өвчнөөр тайван, Өмнөговь аймгийн мал сүргийг бруцеллёз өвчнөөр тайван, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн үхэр сүргийг сүрьеэ, лейкоз өвчнөөр тайван болохыг баталгаажуулах зорилт тавьжээ.

Ойрын таван жилд малын гоц халдварт өвчнөөс эрүүл, тайван байдлыг тогтоох зорилгоор “Мал эрүүлжүүлэх гуравдугаар шатны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх, хүнсний аюулгүй байдлын баталгаа, хяналтыг сайжруулах, итгэмжлэгдсэн лабораториудын хүчин чадлыг нэмэх, анхан шатны мал эмнэлгийн байгууллагыг бэхжүүлэх, ажиллагсдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нийгмийн асуудалд нь анхаарах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг хүслээ.

Мөн “Биокомбинат” ТӨХК-ийг шинэчлэх замаар малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг олон улсын стандартад нийцүүлэн үйлдвэрлэх, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах шаардлага байгааг хэлж байлаа.

Дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэж, ирэх таван жилд малын өвчингүй, эрүүл бүс болохын төлөө хамтарч ажиллана. Үүнд төр, засгаас боломжит бүх талын туслалцаа, дэмжлэг үзүүлнэ гэдгийг Ерөнхийлөгч хэллээ.

Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори нь шинжилгээнд давхардсан тоогоор 450 гаруй төрлийн багаж тоног төхөөрөмж, 750 гаруй нэрийн оношлуур урвалж бодис, 850 гаруй нэр төрлийн туслах хэрэглэгдэхүүн хэрэглэдэг. Илрүүлэх, оношлох, баталгаажуулах шинжилгээг жилд 40-50 мянган дээжид улсын төсвийн хөрөнгө, төсөл хөтөлбөрийн санхүүжилт, аж ахуйн нэгжийн захиалгаар гүйцэтгэдэг юм.

Эрдэмтэн, судлаачид “Пестицидийн үндэсний хөтөлбөр” боловсруулахад дэмжлэг үзүүлэхийг хүсэв

Тэрбээр Хөдөө аж ахуйн их сургууль болон тус сургуулийн Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Мал эмнэлгийн хүрээлэн, Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнд ажиллалаа.

Ерөнхийлөгч сургалт, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл болох 100 гаруй эрдэмтэн, судлаачтай уулзаж, хүнсний хангамж, аюулгүй байдал, цаашид тавьж байгаа зорилтын талаар товч танилцуулж, санал бодлыг нь сонсов.

Энэ үеэрээ “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганаар хэлэлцүүлж байгааг хэллээ.

Ойрын таван жилд мал сүргээ бүрэн эрүүлжүүлж, малын гоц халдварт өвчингүй, эрүүл бүс болох ёстойг тэмдэглэв. Мөн төрийн бодлого, шийдвэр шинжлэх ухаанд суурилсан байх ёстой учир хүнсний хувьсгал хийхэд эрдэмтэн, судлаачдын оролцоо хамгийн чухал гэдгийг онцлов.

Ирэх таван жилд 19 төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ хангах зорилготой “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг эрдэмтэн, багш, судлаачид дэмжиж байгаагаа илэрхийллээ.

ХААИС-ийн хувьд шинэ технологи, инновац нэвтрүүлэх, хүлэмжийн аж ахуйг хөгжүүлэх Техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, тооноос чанарт шилжих зэрэг бодлогын шинж чанартай ажилд манлайлан оролцох боломж байгааг академич А.Бакей хэллээ.

Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн ажилтан Н.Энхболд “Химийн бодис, үр тариа, бордоо зэрэг импортын бүтээгдэхүүнд тавих стандартыг Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын гэрээний заалттай нийцүүлэн нэг мөр болгох, “Пестицидийн үндэсний хөтөлбөр” боловсруулах зэрэгт дэмжлэг үзүүлэхийг  хүсэв.

Эрдэмтэн, судлаачдын төлөөлөл мал аж ахуйн салбарын хөгжлийг түргэтгэх, эрсдэл даах чадавх бий болгох, олон улсын туршлагыг нутагшуулах чиглэлээр урт хугацаатай төсөл хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгээ илэрхийллээ.

Мөн Засгийн газар монгол малын удам зүй, үржлийн үнэт чанарыг молекул-генетикийн түвшинд үе шаттай судлан тогтоох, олон улсад баталгаажуулах ёстой гэдгийг хэлж байлаа.

Холбоотой мэдээ