Товчхон
               

Шинэ Зеланд улс малаас метан хийн татвар авна

               
2022-06-09 0

Шинэ Зеланд улсын засгийн газар мал аж ахуйн салбараас метан хий ялгаруулсны татвар авдаг болох хуулийн төслийг боловсруулснаа өчигдөр танилцуулжээ.

Ингэснээр тус улс малаас ийм төрлийн татвар авдаг дэлхийн анхны улс болох юм. Энэхүү улс нь 5 сая хүн амтай, 10 сая үхэр, 26 сая хоньтой, хөдөө аж ахуйн томоохон экспортлогч юм.

Тус улсын агаар мандалд ялгаруулдаг нийт хүлэмжийн хийн тал орчим хувь нь хөдөө аж ахуйн салбарт оногддог нь бараг бүхэлдээ малын өтөг бууцнаас ялгардаг метан хий байдаг.

Эдийн засгийнх нь томоохон салбар тул өмнө нь мал аж ахуйн салбарыг ийм төрлийн татвараас чөлөөлдөг байжээ. Шинэ хуулийн төслийн дагуу 2025 оноос эхлэн фермерүүд тусгай тооцоолуурын үндсэн дээр метан хийн татвар төлдөг болох юм байна.

Бас метан хийн ялгаруулалтаа багасгах арга хэмжээ авсан фермерүүдийг татвараас хөнгөлөх заалтыг тусгажээ. Жишээлбэл метан хийн ялгаруулалтаа бууруулахын тулд фермийн газраа ойжуулсан бол ийм хөнгөлөлт эдлэх гэнэ.

Метан хийн татвараас олсон орлогыг мал аж ахуйн салбарыг шинэчлэх судалгаа шинжилгээний ажилд зарцуулах юм байна.

Шинэ Зеландын засгийн газар хуулийн төслийг энэ оны сүүлээр эцэслэн батлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Холбоотой мэдээ