Товчхон
               

Ерөнхийлөгч ҮАБЗ-ийн 30 жилийн ойд зориулан мэндчилгээ дэвшүүлэв

               
2022-05-29 0

Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тэргүүн У.Хүрэлсүх Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойд зориулан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.

Уг мэндчилгээнд,

Монголчууд бид эрт дээр үеэс төр улс, төрөлх нутаг, түмэн олноо нэгдмэл санаа, нэгэн зориг, эвийн хүчээр хамгаалж ирсэн төрт ёсны түүхэн уламжлалтай ард түмэн билээ. 

Энэ түүхэн уламжлалыг нэр төртэй үргэлжлүүлж, улс орныхоо аюулгүй байдал, тогтвортой хөгжил, ард иргэдийнхээ эрүүл саруул, элбэг хангалуун, энх амгалан амьдралын төлөө он удаан жил чин сэтгэл, мэргэн ухаан, мэдлэг чадвараа дайчлан зүтгэж ирсэн Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын Зөвлөл үеийн Тэргүүн, гишүүд, Нарийн бичгийн дарга, ахмад ажилтнууд болон өнөөгийн Ажлын алба, Стратегийн судалгааны хүрээлэн, шинжээчийн хэсгийн эрдэмтэн, судлаачдад уг Зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойн баярыг тохиолдуулан чин сэтгэлийн баярын мэнд хүргэж ажлын өндөр амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

Үндэстний үнэт зүйлсээ нандигнан хадгалах, төр улсынхаа язгуур эрх ашгийг эрхэмлэн дээдлэх нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааны үндсийн үндэс юм.

Ийм учраас Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Тэргүүний хувьд, улс орны үндэсний аюулгүй байдал, Эх оронч үндэсний үзэл, Эв нэгдэл ямагт бүхнээс дээгүүр эрэмбэлэгдэх ёстой гэдгийг энэ тэмдэглэлт өдөр түмэн олондоо сануулах байна. 

Ингээд Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалан хамгаалахын төлөө, бүх хүч чадал, мэдлэг боловсролоо зориулан, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж ирсэн, өнөө үед чиг зүтгэж байгаа ҮАБЗ-ийн нийт хамт олон болон Монголын ард түмэндээ энэ түүхт ойн өдрийг тохиолдуулан дахин чин сэтгэлийн баяр хүргэж, гүн талархал илэрхийлье. 

Мөнх хөх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай! гэжээ.

Холбоотой мэдээ