Ханх суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөжээ

               
2022-05-30 0
Зургийн эх сурвалж: MPA

Хөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 38 километрийн зайд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөллөө.

Газар хөдлөлт өглөөний 10.27 цагт болсныг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.

Ханх сум орчимд 2021 оны 1 дүгээр сарын 12-нд 6.5 магнитудын хүчтэй газар хөдөлж байсан юм. Энэ газар хөдлөлт нь голомтдоо 7-8 баллын хүчтэй чичирхийлэл үүсгэж, Хөвсгөл аймгийн бүх сум, Завхан, Увс, Хэнтий аймгийн зарим сумын оршин суугч, Сэлэнгэ, Дархан, Орхон-Уул, Улаанбаатар хотын ард иргэдэд мэдрэгдсэн билээ.

Манай улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.

Монгол орны нутаг дэвсгэрт 2021 онд 159 396 удаа газар хөдөлсөнөөс хүнд мэдрэгдэх хэмжээний буюу 3.5 түүнээс дээш хүчтэй газар хөдлөл 430, үүнээс хоёр удаа 6 магнитудын хүчтэй газар хөдөлснийг дагасан давтан чичирхийлэл болсоор байгаа. Нийслэл хот орчмын нутаг дэвсгэрт 2021 онд 1123 газар хөдөлсөн бөгөөд 3.5 болон түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 5 удаа бүртгэгджээ.

Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай. 

Холбоотой мэдээ