Товчхон
               

“Тэрбум мод” хөдөлгөөнд арилжааны банкууд нэгдэв

               
2022-05-30 0

Монголын Банкны холбоо, тус холбооны гишүүн арилжааны банкууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд нэгдэн салбарын хэмжээнд 2030 он хүртэл 50 сая мод тарих амлалтыг өгөөд байна. Энэ хүрээнд энэ жил мод тарих үйл ажиллагааг өргөжүүлж, илүү өргөн хүрээнд зохион байгуулан оролцож буйг Монголын Банкын холбооны дэд ерөнхийлөгч Норихико Като онцоллоо.   

Банкын холбооныхон энэ жил “Төгс хандлагаа өөрчилье” ТББ-тай хамтран Богд ууланд 700 ширхэг шинэс модны суулгац тарьж “Банкируудын төгөл” байгуулав. Жил бүрийн 6 дугаар сарын 2-нд банкны салбарын хэмжээнд банкны ажилтны өдрийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ өдрийг угтан “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд банкууд нийгмийн хариуцлагын хүрээнд мод тарьж, тогтвортой зөв хөгжилд олон нийтийг уриаллаа.

Банкын салбарынхан мод тарихаас гадна байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэхийн төлөө ажиллаж буйг тодотголоо. Энэ үзүүлэлтээр Монгол Улс хөгжиж буй орнуудад дээгүүр үнэлэгдэж явааг хэллээ. “Бид цаашид ногоон санхүүжилтийг нийт санхүүжилтийн 10 хувьд хүргэх зорилт тавиад байна” гэв. Мод тарих нь чухал ч энэ ажлыг урт хугацаанд тогтвортой хэрэгжүүлэхэд санхүүжилтийн тогтолцооны эх үүсвэрийг бий болгох чухал. Энэ үүднээс банкны салбарын хүрээнд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжих санг байгуулаад байна.

Энэ санд жилдээ 2 тэрбум төгрөгөөс багагүй үнийн дүн бүхий санхүүжилтийг Монголын Банкын холбооны гишүүн байгууллагууд төвлөрүүлэх юм. Сангаараа дамжуулан шороон шуурга, цөлжилттэй тэмцэх салбарын хэмжээнд нэгдсэн стандарт гаргах, мод тарих үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх судалгаа хийх, гадны туршлагыг нэвтрүүлэх, блокчэйн технологи дээр суурилсан санхүүжилтийн болон нийлүүлэлтийн шинэ арга хэлбэр, ил тод тогтолцоог бий болгох зэрэг олон ажлыг хийж санхүүжүүлэхээр болоод байна.

2018 онд банкуудын санаачилгаар Тогтвортой санхүүгийн холбоог үүсгэн байгуулж, ногоон зээлийг нэвтрүүлэн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл олгох төсөл хэрэгжүүлж тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж ирсэн. 

Холбоотой мэдээ