Товчхон
               

Хөгжлийн банкны асуудлаар “Нотлох баримт цуглуулах тухай” тогтоолыг батлав

               
2022-05-31 0
Зургийн эх сурвалж: MPA

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах үүрэг бүхий УИХ-ын Хянан шалгах түр хороо өнөөдөр хуралдаж, “Нотлох баримт цуглуулах тухай” тогтоолыг батлав.

Тогтоолд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явцын талаар хянан шалгахад ач холбогдол бүхий баримтуудыг Сангийн яам, Монголбанк, Хөгжлийн банк, УЕПГ, АТГ, ШШГЕГ, , Үндэсний аудитын газар, УБЕГ, ТЕГ-аас авч, түр хорооны хуралдаанд танилцуулахаар тусгажээ.

Хөгжлийн банкны зээлийн олголт, эргэн төлөлтийн талаар мэдээлэл сонсов. Мэдээллийг тус банкны Тэргүүн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч Ж.Батаа танилцуулав. Тэрбээр зээлийн эргэн төлөлт, эргэн төлөлт хийгдээгүй зээл, олгосон нийт зээл, дамжуулан зээлийн багц, 2016 онд төсөвт шилжүүлсэн багц, идэвхтэй зээлийн багц, хаагдсан зээл, зээл тус бүрийн мэдээлэл гэсэн хүрээнд танилцууллаа. Энэ сарын 20-ноос хойш 39 зээлдэгч 240 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн байна.

2018 онд анх зээл олгосноос хойш эргэн төлөлт огт хийгээгүй Газ-Импорт ХХК, Инжир ХХК байна. Харин энэ сарын 20-ноос хойш эргэн төлөлт хийгээгүй 24 зээлдэгч байна.

Олгосон нийт зээлийн хувьд 2012-2022 онд 7 их наяд 477 тэрбум төгрөгийн зээл олгосноос дамжуулан зээл 1 их наяд 565 тэрбум /Засгийн газраас хэрэгжүүлсэн хөтөлбөрийн хүрээнд арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээлийн багц бөгөөөд дэд зээлдэгчийн эрсдэлийг арилжааны банкууд хариуцдаг/, улсын төсвийн багц 2 их наяд 540 тэрбум /улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр, голчлон дэд бүтцийн салбарт олгосон зээлийн багц/, төслийн орлогоос төлөгдөх шууд зээл 3 их наяд 372 тэрбум /төрийн болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийн хэрэгжүүлэх төсөлд Хөгжлийн банк өөрөө судалгаа хийж олгосон зээлийн багц/ байна.

Капитал банк болон Чингис хаан банкныхаас бусад дамжуулан зээл төлөгдөж дууссан.

2016 онд төсөвт шилжүүлсэн багцны хувьд 355 төсөлд 1 их наяд 477 тэрбум төгрөг болон 673 сая ам.долларын зээл олгосон.

Идэвхтэй зээлийн багцын хувьд 57 зээлдэгчийн зээл идэвхтэй байгаагаас хэвийн 16, анхаарах 3, чанаргүй 38 байна.

Хаагдсан зээлийн хувьд, 25 зээлдэгчийн 692 тэрбум төгрөгийн зээл хаагдсан. Үүнээс төслийн орлогоос эргэн төлөгдсөн 649 тэрбум, бусад активаар эргэн төлөгдсөн 29 тэрбум, тусгай активын үйл ажиллагааны хүрээнд эргэн төлөгдсөн 14 тэрбум төгрөг байна.

Хөгжлийн банкны Тэргүүн дэд захирлын танилцуулга мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, Ц.Мөнхцэцэг, Д.Ганбат нар банкны удирдлагуудаас асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ саналаа хэлэв. Төгсгөлд нь Түр хорооны дарга Ж.Сүхбаатар Хөгжлийн банкинд хяналт шалгалт, аудит хийсэн байгууллагуудын мэдээллийг дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн хэмээв.

Холбоотой мэдээ