Товчхон
               

“Улаанбаатар кап 2022” тэмцээний шилдгүүд шалгарлаа

               
2022-06-02 0

Сүхбаатарын талбайд 3х3 сагсан бөмбөгийн “Улаанбаатар кап 2022” тэмцээний шигшээ тоглолтууд /2022.06.01/ явагдаж, шилдэг багууд тодорлоо.

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар НЗДТГ, Монголын 3×3 сагсан бөмбөгийн холбоотой хамтран зохион байгуулж буй уг тэмцээнд нийт 768 багийн 3264 тамирчин оролцжээ.

Энэ жил Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооноос 8 тэмцээн зохион байгуулахаар төлөвлөсний нэг нь “Улаанбаатар кап 2022” тэмцээн юм байна. Хотын спортын гол төрөл хэмээн олон улсад үнэлэгддэг, олимпын наадмын албан ёсны төрөл болох 3×3 сагсан бөмбөгийн тэмцээнийг Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 16-наас эхлэн стандартын дагуу зассан талбайд зохион байгуулж ийнхүү өндөрлөв.

Тэмцээний шагнал гардуулах үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар: “Цаашидаа энэ тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж нийслэлээс хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран 9 дүүргийн 118 байршилд 3х3 сагсан бөмбөгийн стандартын шаардлага хангасан талбайг шинээр байгуулж, залуусаа дэмжинэ. Энэ онд 59 талбайг барьж дуусгана. Энэ удаагийн тэмцээнийг хамтран зохион байгуулсан хувийн хэвшлийн байгууллагууддаа талархал илэрхийлье. Монгол залуус минь улсынхаа нэрийг өндөрт өргөж, Олимп, Дэлхийн аварга болохыг ерөөе” хэмээн онцолсон юм.

“Улаанбаатар кап 2022” 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний шилдгээр шалгарсан баг, тамирчдыг танилцуулж байна.

Эрэгтэй төрөлд: Тэргүүн байрт БЗД-ийн “Tescoma” баг, дэд байрт Хан-Уул дүүргийн “Molten” баг, гуравдугаар байр – Сүхбаатар дүүргийн “МУИС – Шонхорууд” баг тус тус шалгарлаа.

Шилдэг эрэгтэй тоглогчоор БЗД№ийн “Tescoma” багийн тамирчин Ш.Очир-Өлзий

Эмэгтэй төрөлд: Тэргүүн байрт Баянгол дүүргийн “Kobe” баг, дэд байрт БЗД-ийн Багш нарын шигшээ баг, 3 дугаар байрт ХУД-ийн “Тамир” баг тус тус шалгарсан байна.

Шилдэг эмэгтэй тоглогчоор БГД-ийн “Kobe” багийн тамирчин У.Уянга тодорлоо.

Холбоотой мэдээ