Товчхон
               

Г.Анударь: Монголд оюутан сурах таатай орчныг бүрдүүлж өгөөч

               
2022-06-10 0

Монголын Оюутны Холбоо (МОХ)-ноос Бо­­­­­­­­­ловс­­­ролын сангийн зээл, оюутны эрүүл мэндийн даатгал зэрэг оюутанд тулгамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.

Улаанбаатар хотод суралцаж буй 139 мянган оюутны 13 мянгыг хамруулж, тулгамдаж буй нийтлэг асуудал, шийдвэрлэх гарц гаргалгааны талаарх судалгааг Монголын оюутны холбоо авсан болохыг мэдээллийн эхэнд онцлов.

Уг судалгаагаар оюутнуудад тулгардаг таван багц асуудлыг гаргаж иржээ. Үүнд,

1.Сургалтын чанар
2. Нийтийн тээврийн зорчих эрх,
3. Боловсролын зээлийн сан
4. Оюутны эрүүл мэндийн даатгал
5. Сургалтын болон оюутны дотуур байрны орчны асуудал багтсан байна.
Холбооны зүгээс хэлэлцүүлэг зохион байгуулаад, холбогдох газруудад дээрх асуудлуудыг шийдвэрлэж өгөх хүсэлт илгээсэн боловч 2021 оны арваннэгдүгээр сараас эхлээд өнөөдрийн байдлаар нэг ч байгууллага албан болон албан бус байдлаар хариу өгөөгүй аж.
“Бид албан бичгийн хариу, шийдвэрлүүлэх асуудал ямар шатандаа явж байгааг асуугаад ярихаар зун болоод оюутнууд амарчихсан байна гэж хариулдаг. Иймд 2022-2023 оны хичээлийн жил эхлэхээс өмнө дээрх асуудлуудыг шийдвэрлүүлэх зорилгоор хэвлэлийн бага хурал хийж байна” гэдгийг Монголын оюутны холбооны төлөөлөл хэлэв.
Монголын оюутны холбооны ерөнхийлөгч Г.Анударь:

“Нийтийн тээврийн асуудлын тухайд 2022 оны байдлаар нийт суралцаж буй оюутнуудын 20 хүрэхгүй хувь нь Улаанбаатар смарт картыг авч ашигладаг. Оюутнууд сурч төлбөрөө төлөх үү, өдрийн хоол, автобусандаа суух уу, ном сурах бичгээ авах уу гэдэг асуудал үүсдэг тул нийтийн тээврээр зорчих эрхийг нь сард 44 удаа болгож өгөөч. Энэ хүсэлтийг удаа дараа тавьсан боловч шийдвэр гараагүй. Энэ нь оюутнууд өгч байгаа халамж биш сурч боловсрох орчин нөхцөлийг нь хангах тухай асуудал.

Ажлын байр их байна гэж ярьдаг. Оюутнууд сурахынхаа хажуугаар хөдөлмөр эрхэлье гээд ажил хайгаад, хийгээд явдаг. Очоод уулзахаар бүтэн цагаар ажиллах шаардлага тавьдаг. Тухайн оюутан бүтэн цагаар ажиллаж боломжгүй гэхээр цалинг нь олгодоггүй байх жишээтэй. Сүүлийн үед франчайз эрхтэй гаднын компаниуд орж ирээд арай дээр болсон ч нийтээр нь харвал ихэнх нь бүтэн цагаар ажиллахыг шаарддаг. Оройн цагаар ажиллая гэхээр дотуур байр нь 10:00 цаг гэж хаалгаа бариад оруулахгүй гэдэг асуудал үүсдэг.

Нийт оюутны 13,500 буюу 9 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаж шимтгэлээ төлсөн байна. Өмнө нь оюутны эрүүл мэндийн даатгалын асуудлыг улсаас даадаг байж байгаад оюутан өөрөө төлдөг болсон. Сүүлийн дөрвөн жил оюутнууд даатгалдаа хамрагдаагүй өр үүсчихсэн асуудал байна. Оюутнууд халамж хүслээ, бэлэнчлэх сэтгэлгээтэй байна гэдэг. Үнэн хэрэгтээ хөдөлмөр эрхлэлтийн хэмжээ бодит нөхцөл ямар байгааг харгалзан үздэггүй. Монголд оюутан сурах таатай орчныг бүрдүүлж өгөөч” гэлээ.
Монголын оюутны холбооны Дэд ерөнхийлөгч Э.Дөлгөөн:

“Сүүлд орсон өөрчлөлтөөр тэргүүлэх чиглэлийн 35 мэргэжлээр суралцах тохиолдолд Боловсролын зээлийн сангаас зээл олгох болсон. Банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй мөнгө зээлээд сургалтын төлбөрөө төлдөг оюутнууд ч бий. Одоогийн байдлаар Боловсролын зээлийн сангаас зээл авах хүсэлтэй 13,400 гаруй оюутан байна. Монголын Оюутны холбооноос Засгийн газар болон бусад холбогдох байгууллагад хүсэлт гаргасан. Хүсэлтийг хүлээж авахгүй тохиолдолд арилжааны банкуудтай хамтран оюутнуудад бага хүүтэй зээл олгох талаар санал болгож байгаа” гэв.

Холбоотой мэдээ