Товчхон
               

Хүнсний хангамжийн хүрээнд “Монгол сарлаг” төсөл хэрэгжүүлнэ

               
2022-06-10 0

Хүнсний үйлдвэрлэгч нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал”-ын Үндэсний хөдөлгөөнийг дэмжиж байна. Үүний нэг илрэл болж, “АПУ Дэйри” үйлдвэр “Монгол сарлаг” төсөл хэрэгжүүлэхээ илэрхийлэв.

Сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын зах зээлийн 30 хувийг хангаж буй тус үйлдвэр “Монгол сарлаг” төслийн хүрээнд эхний ээлжинд Архангай аймгийн Чулуут сумын малчдаас сар бүр тодорхой хэмжээний өрөм, ааруул, нэрмэл архи зэрэг хагас боловсруулсан болон бэлэн бүтээгдэхүүнийг нь худалдан авч, тансаг зэрэглэлийн эцсийн бүтээгдэхүүн болгон зах зээлд нийлүүлэх юм. Ингэснээр малчид тогтмол орлоготой болж, тэдний тогтвортой амьжиргааг дэмжин,нутагтаа сайхан амьдрах боломж бүрдэнэ гэдгийг “АПУ Дэйри” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Баярмагнай хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч хүнсний үйлдвэрлэлийн “АПУ” ХК-иар орж үйл ажиллагаатай танилцах үеэр сүү, сүүн бүтээгдэхүүний нийлүүлэлт, зах зээлийн боломжийг тэлэх бизнесийн шинэ загвар бүхий төслөө танилцуулсан юм. Энэхүү төсөл нь анхан шатны үйлдвэрлэгч нэгж буюу цагаан идээний уламжлалт гэр-үйлдвэрлэлийн систем, стандартыг нэвтрүүлэх аж. Мөн нэгдсэн технологийн дагуу зөвхөн шингэн сүү бус, монгол уламжлалт сүүн бүтээгдэхүүнийг малчдаас цуглуулж, гүн боловсруулж, үйлдвэрлэл, савлагаа, брэндингийн дараагийн шатны үйл ажиллагааг хийнэ. Ингэснээр сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн түүхий эд нийлүүлэлтийн боломжийг нэмэгдүүлж, шинэ төрлийн бүтээгдэхүүн нэвтрүүлэх суурийг тавьж буй аж.

“АПУ “ХК сүү сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээний 50 хувийг хангаж ажилладаг байсан бол “Сүү”, “АПУ” компани хамтраад дотоодын зах зээлийн 80 орчим хувийг хуваан эзэмшдэг. Энэхүү байдал нь хүнсний үндэсний үйлдвэрүүд “Монгол сарлаг” зэрэг сүү, сүүн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангах төрөлжсөн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, улмаар гадаад зах зээлд гарах боломжтойг харуулж байна гэв. 

Холбоотой мэдээ