Өмнөд Солонгост ачаа тээврийн жолооч нар ажил хаяад долоо хонов

               
2022-06-14 1

Өмнөд Солонгост ачаа тээврийн жолооч нар ажил хаяад долоо дахь өдөртэйгөө золгож байна. Өмнө нь автомашин, гангийн үйлдвэрлэлийн салбарын жолооч нар ажил хаяад байсан бол Даваа гарагт химийн үйлдвэрийн салбарынхан тэдэнтэй нэгджээ.

Шатахууны үнийн өсөлтийг эсэргүүцэж, цалингийн доод хэмжээнд баталгаа гаргахыг засгийн газраасаа шаардсан жолооч нарын хөдөлгөөн 22,000 орчим хүнийг хамраад байна. Өнгөрсөн хугацаанд засгийн газар жолооч нарын төлөөлөлтэй дөрвөн удаа хэлэлцээ хийсэн ч үр дүнд хүрээгүй юм.

Ажил хаялтын улмаас үйлдвэрүүдийн ажиллагаа тасалдахад хүрээд байна. POSCO гангийн үйлдвэр бүтээгдэхүүн тээвэрлэлт зогссоноос агуулахууд нь дүүрсэн тул зарим үйлдвэрээ зогсоожээ. Эд ангийн нийлүүлэлт тасалдсан тул Hyundai Motor компани үйлдвэрийн зарим шугамаа зогсооход хүрсэн байна.

Химийн аж үйлдвэрийн холбоо ажил хаялтын улмаас 32 гишүүн компанийнх нь бүтээгдэхүүний түгээлт 90 хувиар буурсныг мэдээлжээ.

Сар гаруй хугацааны өмнө тангараг өргөсөн ерөнхийлөгч Юн Сүк Ёлын хувьд жолооч нарын ажил хаялт анхны томоохон сорилт болж байна. Хэрвээ тэр үйлдвэрчний эвлэлийн холбоодтой ойлголцож чадахгүй бол консерватив мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хэцүү болох юм.

Асуудлыг шийдэхийн тулд парламентаар хууль батлуулах шаардлагатай учраас ажилдаа буцаж орохыг засгийн газар жолооч нарт уриалж байгаа. Азийн дөрөв дэх том эдийн засагтай Өмнөд Солонгост инфляц оны эхнээс 4.8 хувиар өссөн нь сүүлийн 24 жилийн хамгийн өндөр өсөлт болоод байна.

Тус улсын эдийн засгийн өсөлтийг энэ онд 3.0 хувьд хүрнэ гэж өнгөрсөн арван хоёрдугаар сард тооцоолж байсан Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллага (OECD) өнгөрсөн долоо хоногт таамгаа 2.7 хувь болгон бууруулсан юм.

Холбоотой мэдээ