
Зургийн эх сурвалж: MPA
Орхон аймагт энэ жил 1188 хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалт өгнө. Шалгалтыг Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургууль дээр зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна.
Шалгалт энэ сарын 23 өдөр түүх, англи хэлний хичээлээр эхлэх бол 24-нд хими, газар зүй, нийгэм, 25-нд биологи, математик, 26-нд физик, орос хэл, монгол хэлний шалгалт авна.
Шалгуулагч шалгалтад ирэхдээ иргэний үнэмлэх болон түүнтэй дүйцэхүйц баримт бичиг, бүртгэлийн хуудастайгаа ирнэ. Бүртгэлийн хуудас нь төгсөгч өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаас бүртгэлийн хуудсаа хэвлэн авч сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулан баталгаажуулсан байх юм.
Харин өмнөх оны төгсөгчийн бүртгэлийн хуудас QR кодоор баталгаажсан байх тул шууд хэвлэн авах хэрэгтэй ажээ. Түүнчлэн өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан www.eec.mn цахим хуудасны шалгуулагчийн булангаар нэвтэрч суудлын хуваариа авна. Мөн бүрэн дунд боловсролын гэрчилгээ зэргийг авч очих шаардлагатай гэдгийг аймгийн БСУГ-аас анхаарууллаа.

0 cэтгэгдэлтэй