
Энэ амтлаг жимсэнд дүрэм гэж юу байдаг билээ гэж бодогдож байна уу? Яг л хундага дарс уух өөрийн гэсэн өвөрмөц соёл, дүрэм байдаг шиг интоорыг амтлах дүрэм байж мэдэх юм гэж зэрвэсхэн бодогдсон эсэхийг тань би тааж мэдэхгүй юм. Харин интоорын хэмжээтэй гуужуулагчийг таслан авч, хуурайшиж өнгөө алдсан, батга болон идээт үрэвсэл гарсан биеийн хэсгүүдийнхээ арьсыг гуужуулан нөхөн сэргээх аргаас хуваалцах гэсэн юм.
Гуужуулагчийн төрлүүд
Кофены биеийн гуужуулагч
Кофе нь олон төрлийн ашиг тустай бөгөөд зөвхөн биеийг гуужуулахаас гадна үрэвслийн эсрэг үйлчилгээтэй төдийгүй цусны эргэлтийг сайжруулж, арьсыг толигор болгодог.
Далайн давсан гуужуулагч
Энэ нь байгалийн гуужуулагч ба түүний бүтэц нь зүлгүүрийн үүрэг гүйцэтгэн үхэжсэн арьсыг амархан салгадаг.
Элсэн чихрэн гуужуулагч
Сахарыг их хэрэглэх нь таны биед маш муу боловч түүнийг биеийн арьсаа гуужуулагч болгон ашиглах нь эсрэгээрээ тун таатай. Арьсыг чийгшүүлж, толигор болгох ид шидтэй.
Лаванда цэцгийн биеийн скраб
Лаванда цэцгийн суурьтай биеийн скраб нь цочромтгой арьсыг тайвшруулж, үрэвссэн арьсыг эдгээж, сайхан үнэр нь танд таатай мэдрэмж төрүүлнэ. Унтахынхаа өмнөхөн лаванда цэцгийн скраб хэрэглэхэд тохиромжтой.
Бид яагаад заавал гуужуулагчийг хэрэглэх шаардлагатай вэ?
Хүний биеийн арьс гуужих хугацаа дунджаар 8-9 долоо хоногт явагддаг ба гуужиж, үхэжсэн арьсыг гуужуулагчийн тусламжтай арилгахгүй бол шинэ арьс нөхөн төлжиж, шинэ хуучин арьсны давхарга үүсэн арьсны бүтцийг алдагдуулдаг. Ингэснээр өнгөө алдсан үхмэл харагдахаас гадна, арьсан дээр элдэв идээт, үрэвсэлт зүйлс гарч эхлэх шалтгаан болж, таны хэрэглэсэн чийгшүүлэгч тос лосьон гэх мэт бүтээгдэхүүнүүдийн ашигт орцууд нь арьсанд нэвчин хүрч чадалгүй талаар болдог. Нэг ёсондоо ямар ч үр ашиггүй үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэж байна гэсэн үг юм. Мөн та эмзэг хэсгүүдийнхээ арьсыг гуужуулахгүй байснаас үсний ургалтанд асуудал үүсч буглаа үүсэх эрсдэлтэй.
Гуужуулагч хэрэглэж эхлэсний дараа таны арьс хэрхэн өөрчлөгдөх вэ?
Дээр дурьдсан бүх асуудал шийдэгдэн таны арьсны өнгө сэргэж, илүү чийглэг толигор, эрүүл харагдан, арьсны элдэв асуудал таныг зовоохоо болино. Мөн таны хэрэглэсэн бүтээгдэхүүн илүү сайн шингэж үр дүнгээ өгч эхлэнэ.
Хэн хэрэглэх вэ?
Хорин нас гараад биеийн гуужуулагчтай найзууд болоорой гэж Доктор Жегасоти хэлсэн байна. Чи эрэгтэй, эмэгтэй байх нь хамаагүй чамд арьс байдаг л бол хэрэглээрэй гэжээ. Гэхдээ онцгой эрүүл мэндийн шалтгаан байдаг бол /харшил гэх мэт/ хуурай сойзоор иллэг хийн биеэ гуужуулахыг санал болгоё.
Хэрхэн хэрэглэх вэ?
Бидний сонирхол татсан гарчгийн нууц одоо задарна. Та усанд орохдоо арьсаа бүлээн усаар сайтар норгосны дараа гуужуулагчаа интоорын хэмжээтэй таслан авч биендээ түрхэн тойрог хэлбэр үүсгэн массажлана. 30 секундын турш биеэ үрэн гуужуулсны дараа бүлээн усаар зайлж арилгана. Долоо хоногт хоёр удаа биеэ гуужуулах нь хангалттай.
Бэлтгэсэн: Ц.Нямжаргал

0 cэтгэгдэлтэй