Товчхон
               

Бороотой үед 25 байршилд ус ихээр тогтож байгаа судалгаа гарчээ

               
2022-06-21 0
Зургийн эх сурвалж: MPA

 Геодези, усны барилга, байгууламжийн газраас 2021 дүүрэг, хороо, иргэдээс ирүүлсэн судалгааг нэгтгэн 25 байршилд ус ихээр тогтож байгаа дүгнэлт гаргажээ.

Эдгээрийн 11 байршилд шинээр ус зайлуулах шугам угсралтыг хийсэн бөгөөд 14 байршилд ус тогтдог хэвээр байна. Тухайн байршлуудад тогтсон усыг машинаар соруулж байгаа аж.

Одоогоор Хан-Уул дүүргийн “Эрэл”-ийн байр, Хараагүйчүүдийн замын урд ус зайлуулах шугам угсралтыг хийж байна. Мөн Сүхбаатарын талбайгаас хойшоо 7 буудал руу өгсдөг шинэ зам дагуу, Хангай хотхоны уулзварт шугам угсралтыг гүйцэтгэв. Сонгинохайрхан дүүргийн 18-р хорооны 12-р байрны урд талбайд их хэмжээний ус тогтдог байршилд  шугам угсралт хийжээ.

Геодези, усны барилга, байгууламжийн газраас 2019, 2020 онд Энхтайваны гүүрний, Баянмонгол, Соёолжийн нүхэн гарцад ус зайлуулах худаг угсралт хийснээр усаа хэвийн соруулбал ус тогтохгүй болсон. Түүнчлэн, Тахилтын нүхэн гарцыг нийслэлийн Замын хөгжлийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хамтран шийдэхээр албан бичиг хүргэснийг тус газрын ерөнхий инженер С.Батсайхантай ярьжээ.

Нийслэлд замын ус зайлуулах 209 км урт шугам сүлжээ бий. Энэ сарын 18-нд орсон борооны үеэр Геодези, усны барилга, байгууламжийн газарт 35 удаагийн үерийн дуудлага, мэдээлэл ирсэн бөгөөд ус соруулах 5 машин, бригад, 25 засварчин, 5 инженер, техникийн ажилчид ажиллан, 3000 тонн гаруй усыг соруулжээ. 

Холбоотой мэдээ