Товчхон
               

ЗӨВЛӨГӨӨ: Шөнө хангалттай сайн нойр авах нь хүүхдэд хэр чухал вэ?

               
2022-06-21 0

Насанд хүрэгчид шөнөдөө хангалттай нойр авч чадаж байгаа нь ой тогтоолт хэвийн, эрч хүчтэй, сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байдлаар илэрдэг бол хүүхдүүдийн хувьд танин мэдэхүйн чадвар, зан үйл болон шүүмжлэлт сэтгэлгээ сайтай сэргэлэн цовоо байдлаар илэрдэг.Гэвч 2-5 насны хүүхдүүдийн 30% нь шөнө унтах асуудалтай байдаг гэж дэлхийн нойр судлалын хүрээлэнгээс 2004 онд гаргасан судалгааны үр дүнд хэлсэн байдаг. Шөнөдөө хангалттай нойр авч унтах нь хүүхдэд төдийгүй насанд хүрэгчдэд маш чухал. Гэвч эцэг эхчүүд хүүхдээ хангалттай сайн унтаж байгаа эсэхийг төдийлөн анзаардаггүй. Хүүхэд хангалттай нойр авч чадаагүйгээс нойрны эмгэгтэй болох магадлал нэмэгддэг байна. Мөн хангалттай нойр авахгүй байх нь хүүхдийн дархлааны системийг гэмтээж танин мэдэхүйн чадвар болон зан үйлд нь өөрчлөлт оруулах эрсдэлтэй.

Насанд хүрсэн хүмүүс дутуу нойртой явах үед их эвшээх, өдөржин ядарсан мэдрэмж давамгайлах, нийгмийн идэвх буурч зөвхөн унтах талаар бодох гэх мэт шинж тэмдэг илэрдэг бол хүүхэд илүү ууртай уцаартай болох, сэтгэл хөдлөлөө сөргөөр илэрхийлэх, зан араншин мэдэгдэхүйц ойлгомжгүй байх гэх мэт шинж тэмдэг давтамжтайгаар илэрдэг.Сургуулийн насны хүүхдэд нойргүйдэл нь дараах байдлаар илэрдэг.

Үүнд:

-Нэг газраа тогтвортой суух чадваргүй болох, анхаарал хандуулалтын үргэлжлэх хугацаа эрс буурч сулрах, заавар чиглэлийг сонсож хүлээж авах чадвар нь эрс багасдаг. 1000 хүүхэд дээр хийсэн судалгаагаар бага насандаа шөнөдөө хангалттай унтаж хэвшээгүй хүүхдүүдэд 7 насанд нь нийгмийн болон зан үйлийн доголдол асуудал үүсэж байгаа нь батлагдсан байна.

Судлаачид мөн зүүдэндээ алхах, ярих зэрэг шинж тэмдэг нь хүүхдийн тархи шөнөдөө хангалттай амарч чадахгүй байгааг илтгэх боломжтой гэж үзжээ. Нойрны эмгэг нь зан үйлийн болон ямар нэгэн осол аваарт өртөх эрсдэлийг ихээр нэмэгдүүлдэг бөгөөд хүүхэд байх үедээ хангалттай унтаж байгаагүй хүүхдүүд насанд хүрсэн үедээ сэтгэл зүйн байдал нь тогтворгүй болж цаашилбал сэтгэл гутралд өртөх эрсдэлтэй байдгийг судлан тогтоосон байна.

Тэгвэл хүүхэд хэдэн цагийн нойр авсан байх ёстой вэ?

-4 сартайгаас 1 нас хүртэлх хүүхэд 12 -16 цаг

-1-ээс 2 насны хүүхэд 11-14 цаг

-3-5 насны хүүхэд 10 -13 цаг

-6- 12 насны хүүхэд 9- 12 цаг

-Харин насанд хүрэгчид өдөрт 8-10 цаг унтсан байх ёстой байна

Хэрхэн хүүхдийг хангалттай сайн нойр авахад туслах талаар судлаачид дараах зөвлөмжийг өгсөн байна.

Хүүхдийг тусад нь унтуулж сургах нь тухайн хүүхэд хангалттай нойр авахад тусалдаг төдийгүй бие нь бүрэн амарч чаддаг байна. Эхний үед хүүхдийг тусад нь унтуулахад бэрхшээл тулгарах нь эцэг эхчүүдэд төдийгүй хүүхдэд стресс үүсгэх магадлалтай. Тэгвэл эрдэмтдийн санал болгож байгаа гайхалтай санаануудыг та бүхэндээ хуваалцъя. Хүүхдээ орой бүр нэгэн ижил цагт оронд нь оруулж өглөө болгон тогтмол цагт босгож байх. Мөн унтахын өмнө тогтмол хийдэг хэвшмэл үйлдлүүдтэй болох.

Жишээ нь: Хүүхдээ тэврэн, үнсээд оронд нь оруулсан бол хүүхдээ тэр үеэс эхлэн орноос нь буулгахгүй байх. Мөн харанхуйгаас айдаг, ганцаараа унтахаас айдаг хүүхдийг унтуулахын өмнө танин мэдэхүйн тоглоом хамтдаа тоглож мөн өөрөө өөрийгөө зоригжуулах дасгал өөрөө өөртэйгөө хийхэд сургаснаар тухайн хүүхэд айдсыг даван туулж шөнө хангалттай нойр авах боломжтой. Өсвөр насны хүүхэд шөнийн нойр алдах, нойр хүрэхгүй байх асуудалд их ордог бөгөөд тэдэнд хамгийн их нөлөөлж байгаа зүйл нь сөрөг бодлууд байдаг байна. Унтахаасаа өмнө сөрөг сэтгэл хөдлөлөөс татгалзаж эерэг бодлоор өөрийгөө дүүргэн эерэг сэтгэл хөдлөлтэй байснаар шөнөдөө тайван хангалттай унтаж чаддаг байна.

Холбоотой мэдээ