Товчхон
               

Өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний үнэ 25 гаруй хувиар өсжээ

               
2022-01-11 0

Өнгөрсөн онд хүнсний бүтээгдэхүүний үнэ 28.1 хувиар өссөн гэж НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас /ХХААБ/ мэдээлжээ.

Хүнсний бүтээгдэхүүний үнийн дундаж индекс өнгөрсөн онд 125.7 нэгж байсан бол 12 дугаар сарын эцэст 133.7 нэгж болсон нь 11 дүгээр сарынхаас 0.9 хувиар бага байгаа боловч өмнөх оны 12 дугаар сартай харьцуулахад 23.1 хувиар их байна. НҮБ-ын ХХААБ-аас “өндөр зардал, цар тахал үргэлжилж буйг, түүнчлэн цаг уурын тодорхойгүй нөхцөл байдлыг” харгалзан зах зээл энэ жил тогтворжих магадлал багатайг анхааруулж байна.

Үр тарианы үнэ жилийн хугацаанд 27.2 хувиар өсөж, 131.2 нэгжид хүрсэн нь 2012 оноос хойших хамгийн өндөр жилийн дундаж үзүүлэлт бөгөөд тэр дундаа эрдэнэ шиш, улаан буудайн өртөг 44.1 хувь, 31.3 хувиар тус тус өссөн нь зөвхөн эрэлт нэмэгдсэнтэй холбоотой төдийгүй нийлүүлэлт хязгаарлагдмал байсантай холбоотой байв. Жилийн хугацаанд үнэ нь буурсан цорын ганц үр тариа бол цагаан будаа юм. Өнгөрсөн онд цагаан будааны үнэ 4 хувиар буурсан бөгөөд үйлдвэрлэгчдийн хоорондын өрсөлдөөн нэмэгдэж байгаа нь тээврийн өндөр зардлыг нөхөж байна гэж НҮБ-ын ХХААБ-ын мэдээнд дурджээ.

Өнгөрсөн онд ургамлын тос, элсэн чихрийн үнэ хамгийн их өссөн байна.

Ургамлын тосны үнийн дундаж индекс 65.8 хувиар нэмэгдэж, 164.8 нэгж болсон нь жилийн дундаж үзүүлэлтийн хувьд хамгийн өндөр үзүүлэлт юм. Харин элсэн чихрийн үнэ өнгөрсөн онд 37.5 хувиар өсөж, 109.3 нэгжид хүрчээ. Энэ нь 2016 оноос хойших хамгийн өндөр үнэ аж. Сүү, сүүн бүтээгдэхүүний үнийн индекс жилийн хугацаанд 16.9 хувиар өсөж, 119 нэгж болсон бөгөөд үнийн өсөлтөд Азийн орнуудын хэрэглээ, импорт өссөн нь нөлөөлжээ. Харин өнгөрсөн онд дэлхий даяар махны үнэ 12.7 хувиар өсөж, 107.6 нэгжид хүрчээ. Хонины мах хамгийн их өссөн бол дараа нь үхрийн мах, тахианы мах орж байна.

Холбоотой мэдээ