Л.Халтар: Дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад 145 орчим тэрбум төгрөгийн зээл олгоно

               
2022-06-22 0

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Хоёр бүрдэл хэсэгтэй агаарын тээврийн салбарт хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол батлагдлаа.

Нэгдүгээрт, МИАТ компанид 4.7 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах юм. Аялал жуулчлалын улирал эхэлж байгаа учраас долоо хоногт тав хүртэлх давтамжтайгаар нислэг үйлдэхэд шаардагдах санхүүжилтийг гаргаж байна.

Хоёрдугаарт, МИАТ ТӨХК болон дотоодын агаарын тээвэрлэгч компаниудад шаардлагатай 145 орчим тэрбум төгрөгийн зээлийг 10 их наядын төлөвлөгөөний хүрээнд олгох нэг их наяд төгрөгийн зээлийн олголттой дүйцүүлж уялдуулан шийдвэрлэхээр тусгалаа. Өөрөөр хэлбэл, дотоодын компаниуд 10 их наядын хөтөлбөр, банкны шаардлагыг хангасан тохиолдолд уг зээлд хамрагдана.

Хөвсгөлийн Мөрөн, Даланзадгадын онгоцны буудлыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар, Ховд, Чойбалсан, Улаангом гэсэн онгоцны буудал барих ажлыг концессоор хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Уг асуудлыг Засгийн газарт өнөөдөр танилцуулна. Дэмжигдвэл тогтоол гарч, концессын жагсаалтад орно. Улаанбаатар хот руу орж байгаа бүх төлбөр хураах цэгүүд дээр орон нутгийн бүртгэлтэй машин Улаанбаатар хотод зам ашигласны төлбөр төлдөг. Дарханы зам руу гарч байгаа иргэдээс төлбөр авахгүй байгаа” гэлээ.

Холбоотой мэдээ