Товчхон
               

“Тоглонгоо суралцъя” төслийг 142 сургуульд дугуйлангийн хэлбэрээр хэрэгжүүлнэ

               
2022-06-22 0


“Тоглонгоо суралцъя” төслийг хэрэгжүүлэх гэрээг байгуулсан талаар Боловсролын ерөнхий газраас мэдээллээ.

Тус төслийг хэрэгжүүлэх гэрээнд БЕГ-ын дарга Т.Ням-Очир, Сүхбаатар дүүргийн БХ-ийн дарга Б.Адьяасүрэн, Сонгинохайрхан дүүргийн БХ-ийн дарга А.Дүүдээ, Баянгол дүүргийн БХ-ийн дарга Л.Жаргал, Хан-Уул дүүргийн БХ-ийн дарга Ж.Отгонхорлоо, Баянзүрх дүүргийн БХ-ийн дарга Б.Ганбат, Чингэлтэй дүүргийн БХ-ийн Ш.Оюунсүрэн, Ховд аймгийн БШУГ-ын дарга Б.Алтангэрэл нар гарын үсэг зурав.

Ингэхдээ Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах цогц төлөвлөгөөний “Нотолгоонд суурилсан сайн туршлага хуваалцаж, хамтран хөгжих” гэсэн зорилтыг хэрэгжүүлэхэд энэхүү туршилт чухал алхам болох ба зорилтот бүлгийн сурагчдад нэмэлт дугуйланг хичээллүүлэн хэрэгжүүлэх юм.

Төслийг 21 аймаг, 9 дүүргийн 142 сургуульд дугуйлангийн хэлбэрээр зохион байгуулна. Мөн орон нутгийн бага ангийн багш нарын боловсруулж туршсан тоглоомын хэлбэр түлхүү ашигласан шилдэг арга зүйг нэвтрүүлэн, сургууль, багшийн хүртээл болгон хөгжүүлэх юм.

Түүнчлэн шинээр агуулга, арга зүй боловсруулж хүч тарамдахгүй нөөцөө бүрэн ашиглах бөгөөд энэ нь багш нарын цагийг хэмнэх, хамтын ажиллагааг сайжруулах, дотоод нөөцөө бүрэн дүүрэн ашиглах хэлбэр болох аж.

Холбоотой мэдээ