Б.Цэнгэл: Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьчилна

               
2022-06-29 0

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Засгийн газрын хуралдаанаар 2022-2023 онд Хөрөнгийн биржээр дамжуулан төрийн өмчит 25 компанийн жагсаалтыг гаргаж,  олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох шийдвэр гаргалаа. Үүнд, Монголын хөрөнгийн бирж, Монголын цахилгаан холбоо, Мэдээлэл холбоо сүлжээний газар ХК-ийн 34 хүртэлх хувийг хувьцаа гаргах замаар олон нийтийн хяналтад оруулахаар шийдвэрлэв.

2022 онд Монголын хөрөнгийн биржийн 34 хүртэлх хувийг хувьчилж, олон нийтийн нээлттэй компани болгохоор шийдвэрлэлээ. Монголын хөрөнгийн бирж 2021 онд 5 тэрбум төгрөгийн орлоготой, 3 тэрбум орчим төгрөгийн ашигтай ажилласан, 50 гаруй ажилтантай байгууллага.

Хувьчлахдаа хувьцааны төвлөрөл бий болгохгүй. Өөрөөр хэлбэл, нэг хувьцаа эзэмшигчид 5 хувиас дээш хувьцааг санал болгохгүй. Ингэснээр жижиг хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалж буй юм. Олон нийтийн хяналтад оруулах бэлтгэл ажил зургаан сарын хугацаанд үргэлжилнэ. Үүний дараа 2023 оны нэгдүгээр улиралд Монголын цахилгаан холбоо ХК-ийн 34 хүртэлх хувийг олон нийтийн хяналтад оруулах төлөвлөгөө гаргаад байна.

Мөн чиг үүргийн давхардал бүхий улсын үйлдвэрийн зарим газар, компаниудыг нийлүүлэх, нэгтгэх шийдвэр гаргалаа. Жишээ нь, ХЗДХЯ-ны харьяа байгууллагын ажилчдын хувцас үйлдвэрлэдэг  “Цагаан шонхор” төрийн өмчит үйлдвэрийг БХЯ-ны харьяа “Бөртэ” үйлдвэртэй нэгтэхээр шийдвэрлэв.

Буянт-Ухаа спорт цогцолборт БНХАУ-ын буцалтгүй тусламжаар 30 гаруй тэрбум төгрөгийн засвар хийж байна. Засварын ажлын дараа үндэсний шигшээ багийн бэлтгэл сургуулилалт хийдэг. Үндэсний олимпын бэлтгэл сургуулилтын төвтэй нэгтгэснээр чиг үүргийн давхардлыг арилгаж байгаа юм гэлээ. 

Холбоотой мэдээ