Товчхон
               

Паркийн онцлог харилцааг харгалзан газрыг эзэмшүүлдэг болно

               
2022-06-30 0

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үйлдвэрлэл технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлийг хийж байна.

Хуулийн төслүүдийн талаарх Үйлдвэржилтийн байнгын хорооны саналыг тус хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийн ахлагч Г.Тэмүүлэн танилцууллаа.

УИХ-ын гишүүн С.Бямбоцогт нарын 14 гишүүнээс Монгол Улсын Их Хуралд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэнийг Ажлын багийн ахлагч танилцуулгадаа дурдлаа. Улмаар Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо 2022 оны 04 дүгээр сарын 12-ны  тогтоолоороо тус хуулийн төслийг Байнгын хороо, нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын багийг 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн ахалж, гишүүдэд Ж.Батжаргал, Э.Батшугар, Ж.Бат-Эрдэнэ, Г.Ганболд, С.Ганбаатар, Л.Мөнхбаатар, О.Цогтгэрэл, Т.Энхтүвшин нарын бүрэлдэхүүнтэй ажилласан гэв. 

Ажлын баг 6, дэд ажлын баг 12 удаа хуралдсаныг тодотгоод хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэжээ. Засгийн газраас 2019 оны 03 дугаар сарын 19-нд Хуралд өргөн мэдүүлсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын 14 гишүүнээс өргөн мэдүүлсэн шинэчилсэн найруулгын төсөлд суурилан нэгтгэсэн байна.

Хуулийн төсөлд тусгасан өөрчлөлтүүдийн гол агуулгыг багцалж үзвэл нэгдүгээрт, паркийн зорилго, удирдлагын компанийн өмчлөлийн төрөл хэлбэрийг ойлгомжтой болгох, хоёрдугаарт, паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ хэтийн төлөвийг тодорхойлох, гадаад зах зээлд сурталчлах, паркийн нэгжид хөрөнгө оруулалт татах зарчмын зөрүүтэй санал боловсруулжээ. Гуравдугаарт, паркийн газар эзэмшил, ашиглалттай холбогдох харилцааг боловсронгуй болгож улмаар хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалах дөрөвдүгээрт, тусгай зөвшөөрөлтэй холбогдсон харилцааг ойлгомжтой тодорхойлох, тавдугаарт, паркийн удирдлагын компанийг үүсгэн байгуулах, түүний эрх зүйн байдлыг тодорхой болгох, зургадугаарт татварын орчныг олон улсын гэрээ, холбогдох хууль тогтоомжид нийцүүлж өөрчлөх чиглэлээр өөрчлөлт оруулах зарчмын зөрүүтэй саналын томьёолол бэлтгэсэн гэж байлаа.  

Ажлын багийн ахлагч танилцуулгадаа, Парк байгуулах зорилгын нэгдүгээрт “улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд онцгой ач холбогдолтой импортыг орлох болон экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” гэж заасан. Ингэснээр стратегийн ач холбогдолтой салбарт, энэ чиглэлийн үйлдвэрт парк байгуулах ач холбогдолтой гэж үзсэн. Байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэхийг парк байгуулах зорилгод нэмж өгсөн. Паркийн удирдлагын компани нь төрийн болон орон нутгийн, хувийн, бусад гэсэн өмчийн хэлбэртэй байхаар өөрчлөлт оруулсан гэв. 

Мөн Засгийн газрын бүрэн эрхэд урт болон дунд хугацааны хөгжлийн бодлого, дэд бүтцийн хөгжилд түшиглэн, паркийн нутаг дэвсгэр, байршлыг тогтоох, паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэрийг хангах, экспортын бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчилах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, паркт шаардлагатай хүний нөөцийг бэлтгэх, давтан сургах, бодлогыг тодорхойлох хэрэгжүүлэх  өөрчлөлт оруулжээ. Улмаар паркийн удирдлагын компани нь паркийн хөрөнгө оруулалтын төлөвлөгөөнд үндэслэн хөрөнгө оруулалт татах, бүтээгдэхүүнээ борлуулах, хүний нөөцийг бүрдүүлэх, банк, санхүүгийн үйлчилгээ авахад зуучлах,  мөн паркийн хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх, шаардагдах дэд бүтцийг барьж байгуулах, эзэмших, түүний хэвийн үйл ажиллагааг хангах чиглэлээр өөрчлөлт оруулсан гэдгийг онцолж байлаа.

Түүнчлэн паркийн газар тусгай хэрэгцээнд байх хэвээрээ боловч паркийн газрыг эзэмшиж болохоор өөрчлөлт оруулсан. Газрын тухай хуульд тусгай хэрэгцээний газартай холбоотой зохицуулалт ерөнхий байдаг бөгөөд нарийвчилсан харилцааг Засгийн газраас баталсан журмаар зохицуулдаг. Хууль батлагдсаны дараа уг журамд паркийн газартай холбогдох асуудлаар нэмэлт, өөрчлөлт оруулах бөгөөд паркийн онцлог харилцааг харгалзан паркийн газрыг Газрын тухай хуульд нийцүүлэн эзэмшүүлж болох өөрчлөлт оруулах юм. Монгол Улсад зөвхөн Монгол Улсын иргэн л газрыг өмчилдөг. Газрыг эзэмших ашиглах хугацаа 30 хүртэл жил, барилга байгууламж ашиглах хугацаа 33 жил байдаг бөгөөд эдгээр хугацаа нь хөрөнгө оруулагчид өгч байгаа баталгаа юм. Энэ зарчмаар газрыг эзэмшүүлж, ашиглуулах нь өмчлөгчийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй. Энэ зохицуулалт өнөөдөр ч хэрэгжиж байгааг Г.Тэмүүлэн гишүүн танилцуулгадаа тодотгосон. 

Мөн тэрбээр, төрөөс үзүүлэх татварын дэмжлэгтэй холбогдсон харилцааг олон улсын гэрээ болон хуульд нийцүүлэн өөрчлөх шаардлага үүссэн. Гаалийн татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хууль санаачлагчид нь буцааж, харин УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэн Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд үйлдвэрлэл, технологийн паркийн зориулалтаар импортоор оруулж ирж байгаа шинээр барих дэд бүтэц, үйлдвэрийн барилга байгууламж, тэдгээрт шаардагдах тоног төхөөрөмж, дагалдах хэрэгслийн нэмэгдсэн өртгийн албан татварыг тодорхой хугацаанд хойшлуулж гаалийн татвараас чөлөөлөх чиглэлээр Байнгын хорооноос хуулийн төсөл боловсруулах зарчмын зөрүүтэй саналыг Байнгын хороонд оруулж байна. Түүнчлэн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд паркийн тэмдэгтийн хураамжийг 500 дахин нэмэгдүүлж 80-100 сая төгрөг болгохоор орж ирсэн. Үүнийг Ажлын ба Улсын тэмдэгтийн хураамжийн хуульд заасан дүнтэй уялдуулж 15-20 сая төгрөг болгон бууруулах санал гаргасан байна.

Хуулийн төслийн талаар зарчмын зөрүүтэй 70 гаруй санал байгаа бөгөөд чуулганаар нэг бүрчлэн санал хурааж байна.

Холбоотой мэдээ