Ж.Нарангэрэл: Цусны өтгөрснөөс артерийн даралт ихсэх, тархинд цус харвах тохиолдол их байна

               
2022-07-01 0

Насанд хүрсэн дөрвөн монгол хүн тутмын нэгт артерийн даралт ихсэх өвчин тохиолддог гэдгийг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын дарга Ж.Нарангэрэл хэллээ.

Тэрбээр өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр “Даралт ихсэх өвчин нь хүндрэл, нас баралтад хүргэдэг тэргүүлэх шалтгаант өвчин бөгөөд хүн амд зонхилон тохиолддог.

Тодруулбал, насанд хүрсэн монгол дөрвөн хүн тутмын нэгт артерийн даралт ихсэх өвчин тохиолддог гэх судалгаа байдаг. Харвалт, зүрхний шигдээсийн тохиолдол нь мөн шууд үхэлд хүргэх өндөр эрсдэлтэй өвчин учраас манай клиникийн эмнэлгүүд дээр зүрх судасны болон харвалтын нэгжүүд ажилладаг.

КОВИД-19-ийн дараах нөхцөл байдал, цусны өтгөрөлтийн шинж тэмдгээс шалтгаалан артерийн даралт ихсэх өвчин, тархинд цус харвах тохиолдол олон байна гэх мэдээлэл гарч байгаа. Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн яамны зүгээс энэ долоо хоногт эмч нар, иргэдэд коронавируст халдварын дараах цус өтгөрөл, зүрх судасны эмгэгийн үед ямар эмчилгээ, хяналт хийх талаар зөвлөмжийг хүргүүлж ажиллаж байна” гэв.

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд “Эрт илрүүлгийн үзлэгээр 1,119 оношны бүлгээр өвчлөл илрүүлсэн бөгөөд давхардсан тоогоор 3,335 иргэний өвчнийг оношилсон. Үүний дотор 61-ээс дээш насны хүн амд 897 өвчлөлийн 49.7 хувьд нь даралт ихсэх өвчин оношлогдож байгаа бол 15 хувьд нь зүрхний архаг өвчин оношлогдож байна. Зүрх судасны өвчин болон эрсдэлт хүчин зүйлээ мэдэхгүй явж байгаагийн улмаас өнөөдөр хэт халалт, цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор харвалт нэмэгдэх магадлал өндөр байдаг. Тиймээс иргэд эрт илрүүлэг үзлэг шинжилгээндээ хамрагдаж, эрсдэлээс өөрийгөө хамгаалах бүрэн боломжтой” хэмээв.

Холбоотой мэдээ