Товчхон
               

Мөөг аюулд орсон үедээ хоорондоо 50 гаруй үгээр харилцдаг

               
2022-07-01 0

Эрдэмтэд мөөг аюулд орсон үедээ өөр хоорондоо цахилгаан соронзон импульс ашиглан 50 гаруй үгээр харилцдаг болохыг олж тогтоожээ.

Дөрвөн төрлийн мөөгт ажиглалт хийсэн судалгаагаа эрдэмтэд “Royal Society Open Science” сэтгүүлд хэвлүүлжээ. Судалгааны багийн гишүүн, Баруун Английн их сургуулийн уламжлалт бус тооцооллын лабораторийн судлаач Эндрю Адамацки мөөгийг тодорхой нөхцөлд өөр хоорондоо цахилгаан соронзон дохио дамжуулдаг хэмээгээд мицели гэж нэрлэгдэх олон эст бүтцээр дамжуулан уг дохиог гаргаж байгаа нь ажиглагдсан гэжээ. Мицели бол хүний мэдрэлийн эс мэт үйлдлийг үзүүлдэг үндэслэг хэлбэртэй бүтэц юм.

Тэрбээр энэхүү гайхалтай нээлтийнхээ тухай “Мөөгнөөс гарч буй цахилгаан соронзон долгионы үелзлийг авч үзвэл тэдний хэрэглэж буй үгс хүний хэрэглэх үгтэй ижил хэмжээтэй байсан ба одоогийн байдлаар нийт 50 гаруй үгийг олж тогтоосон. Үүнээс 15-20 үг нь нийтлэг хэрэглээтэй. Үгийн уртын хувьд англи хэлний үгстэй тун төстэй урттай хэрэглэгдэж буй нь ажиглагдсан. Хүн болон мөөгний харилцааны хэрэгсэлд шууд харьцуулалт хийх нь утгагүй хэрэг боловч өөр төрөл зүйлийн амьд биетүүдийн харилцааны хэлбэрт ижил төстэй зүйлс нийтлэг байдгийг дурдах хэрэгтэй” хэмээжээ.

Англи хэлний нэг үг дунджаар 4.8 үсэгтэй байдаг бол мөөгний хэрэглэж буй дохио 5.97 үсэг бүхий үгтэй тэнцэж байгааг тогтоосон байна.

Судлаачид эноки мөөг, салбант мөөг, омфалотус мөөг, кордисепс мөөг гэсэн 4 төрлийн мөөгийг онцгойлон судалгаагаа хийжээ. Мөөгний дохио ялгаруулж буй өргөслөг хэсэг нь мөөгний тодорхой хэсэгт шигүү урган байрладаг аж. Тэд байгальд ургаж буй мөөгнүүдэд электрод суулгах замаар цахилгаан соронзон долгионыг хэмжсэн бөгөөд The Guardian хэвлэлийн мэдээлж буйгаар салбант мөөг бусдаасаа илүү их долгион дамжуулж байсан гэнэ.

Эндрю Адамацкигийн үзэж буйгаар мөөг хооронд дамжиж буй эдгээр дохио нь чоно улихтай ижил замаар ялгардаг гэжээ. National Geographic сэтгүүлд бичсэнээр чоно нь дууны өнгөө өөрчлөх замаар ан амьтдын байршил эсвэл араатнаас ирж буй аюул заналыг дамжуулдаг байна.

Тэрбээр мөөгнөөс ялгарч буй цахилгаан соронзон долгион нь ямар нэгэн харилцааны хэлбэр бус цахилгаан цэнэг авсан мицелийн үзүүр хэсэг бусад электродтой харилцан үйлчлэлд орж, үелзэл дамжих үед өөр хоорондоо адилгүй дохио гарч байсан байх магадлал байгааг ч нэмж дурджээ.

Уг судалгааны талаар эрдэмтэд өөр өөрсдийн байр суурийг хэдийн илэрхийлээд эхэлсэн байна. Тухайлбал Эксетэрийн их сургуулийн мөөг судлаач Дэн Беббер “Хэдийгээр сонирхол татам судалгаа боловч хүн төрөлхтөн эдгээр организмын харилцааны хэлбэрийг олж мэдэж, орчуулах хэмжээнд хүрэх хүртэл асар хол байна” хэмээжээ.

Холбоотой мэдээ