Долдугаар сард залуусын заавал үзэх ДОЛООН ФЕСТИВАЛЬ

               
2022-07-01 0

Зуны дэлгэр цаг ид дундаа орлоо. Нарны халуунтай зэрэгцэн наадам цэнгүүн, найртай өдрүүд эхэлж байна. Долдугаар сарын нийт 31 хоног байдгаас энэ жил 13 нь тэр чигээрээ амралтын өдөр тохиож байгаа тул хүүхэд, хөгшид, залуус бүсгүйчүүд, гэр бүлээрээ амралтанд, агаар салхинд, зуны зугаатай мөчүүдийг эрэлхийлэх нь мэдээж билээ. Тиймээс энэ удаад today.mn та бүхэндээ энэ сард улсын хэмжээнд болох анхаарал татаж буй шоу, цэнгүүн, арга хэмжээний мэдээллийг хүргэж байна. Аяллын замд таарсан нэгэнд нь саатан морилох завшаан болох ч юуны магад.

МОНАД загварын шоу (7 сарын 1)

Энэ сарын хамгийн эхний эвент бол мэдээж MONAD. Олон улсын загвар өмсөгч Ж.Энэрэлийн үүсгэн байгуулсан “Monad Model Management” агентлагын нэрийн дор “МОНАД” загварын шоу өнөөдөр болно. Энд загварын ертөнцөд өмнө танигдаагүй 40 шинэ нүүр царай, моделиудыг танилцуулах юм байна. Шоу орой 21 цагт эхлэх бөгөөд такс нь 120 мянган төгрөг. Харин after party нь 40 мянган төгрөгийн такстай. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг Monad Model Management хуудаснаас авч болох юм.

Playtime наадам (7 сарын 4-10)

Наадмын pre-event өнөөдөр, маргааш (7 сарын 1, 2) Шангри-Лагийн задгай талбайд болох юм байна. Харин Гачуурт дахь үйл ажиллагаа ирэх Даваа гарагаас үндсэндээ эхэлж, бүтэн долоо хоног үргэлжилнэ. Наадмын хөтөлбөр, шуурхай мэдээллийг албан ёсны фэйсбүүк хуудас Playtime Festival-аас дэлгэрүүлэн авч болох нь.

“БулганХангай2022” авто ралли (7 сарын 6-9)

Монголын Бартаат Замын Авто Спортын Холбоо болон Булган аймгийн ЗДТГ, Орхон аймгийн ЗДТГ хамтран олон улсын “RFC MONGOLIA BULGANKHANGAI 2022” тэмцээн зохион байгуулж байна. Энэ тэмцээнд зөвхөн TR3 буюу мэргэжлийн ангиллын тамирчид уралдах юм байна. “RFC Mongolia Bulgankhangai”2022-Олон улсын бартаат замын тэмцээний батлагдсан маршрут нь Баяннуур сумын Цагаан балгасаас эхэлж Бүрэгхангай, Хишиг-Өндөр, Гурванбулаг сумдыг дайрч сүүлийн өдөр Рашаант, Элсэн тасархайд барианд орох юм байна.

Дээлтэй Монгол наадам (7 сарын 9)

Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт ордог уг арга хэмжээ нь 9-ний өдөр 11:40- 20:00 цагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд болох юм. Үүнд, 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн төлөөлөл, иргэд оролцдог уламжлалтай. Монгол өв соёлоо дээдэлдэг хүн бүхэн оролцоход нээлттэй уг арга хэмжээнд үндэсний сайхан дээл хувцсаараа гангарсан иргэд төв талбайдаа цуглан баярладаг билээ. Арга хэмжээний албан ёсны зохион байгуулагч нь Нийслэлийн аялал жуулчлалын газар.

Үндэсний их баяр наадам (7 сарын 11-13)

“Монгол Бахархал” баяр наадам Монгол Улсын Төрийн 9 хөлт цагаан тугийг цэнгүүлэн төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолоор наадам эхэлнэ. Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, баяр наадмын үйл ажиллагааг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэн Төрийн туганд хүндэтгэл үзүүлнэ. Наадмын өдрүүдэд Үндэсний хүчит бөхийн барилдаан, Өсвөрийн бөхийн барилдаан, Хүй долоон худагт “Хөхүүрийн айраг” наадам, хурдан морьдын уралдаан, Соёлын наадам, Үндэсний сурын харваа, Шагайн харваа, “Улаанбаатарын үдэш 2022” нийтийн цэнгүүн, Ёслолын буудлага, “Naadam Night” үндэсний оркестрын задгай тайзны тоглолт, “Монголын сайхан орноор” уран зургийн үзэсгэлэн тус тус зохион байгуулагдана.

HOT festival, Элсэн тасархай (7 сарын 14-16)

Амралт зугаалга, хөгжмийн фестивалийн тоглоомын дүрмийг өөрчилсөн, цоо шинэ Энтертайнмент HOT festival 2 шөнө, 3 өдрийн турш Элсэн тасархайн байгалийн цогцолбор газарт болно. Шинэ соёл бүтээх, шинэ соёлд залуусын оролцоог бий болгох томоохон эвэнтийн зохион байгуулалтын багт ажиллаж нетворк тэлэх, мэдлэг туршлага, найз нөхдийн хүрээллээ нэмэгдүүлэх сонирхолтой залуусыг “Volunteer”-ээр бүртгэх юм. Фестивалийн албан ёсны хаяг HOT festival-аар зочилж шинэ мэдээллээ аваарай.

Tech Naadam Shambala, Дорноговь, Эрдэнэ сум (7 сарын 15-16)

Төхөмийн хөндий, Ар цацын ус буюу #Шамбала2056 төслийн талбайд Олон Улсын Урлаг Технологийн Наадам зохион байгуулагдах гэж байна. Эрийн 3 наадмыг технологиор төлөөлүүлж бөхийн барилдааныг хакеруудын тэмцээнээр, морь уралдааныг дроноор, сур харвааны оронд пуужин тавьж өрсөлдөх юм.

Энэхүү наадмын онцлог нь цөлжилтөд өртсөн бүс нутагт урлаг технологийг хослуулан нөхөн сэргээлт хийх замаар нийт 36 000 мод бүхий ART TECH EMPIRE лэнд арт хийж байгаа бөгөөд худалдан авсан тасалбар бүрт нэг мод дагалдах болно. Мөн уламжлалт эрийн гурван эрдмийг орчин цагийн технологитой уялдуулан сансарын технологи, дрон уралдаан, хакеруудын тэмцээн зэргээр төлөөлүүлэн зохион байгуулж байгаа юм.

Холбоотой мэдээ