Н.Назарбаев аюулгүй байдлын зөвлөлийн албан тушаалаа өөрийн хүслээр хүлээлгэн өгсөн гэв

               
2022-01-10 0

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалаа өөрийн хүслээр төрийн тэргүүнд хүлээлгэн өгсөн гэж түүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Айдос Укибай мэдээлжээ.

А.Укибай хэвлэлийн мэдэгдэлдээ Н.Назарбаевыг улс орноосоо дүрвэсэн гэх мэдээллийг няцаагаад, түүнийг нийслэл Нур-Султан хотод байгаа бөгөөд Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевтай холбоотой байгаа гэж мэдээлсэн байна.

Мөн Н.Назарбаев Казахстантай найрсаг харилцаатай орнуудын төрийн тэргүүн нартай хэд хэдэн удаа утсаар ярьсныг мэдээлээд, тэрбээр өнөөгийн сорилтуудыг даван туулж, улс орны бүрэн бүтэн байдлыг хамгаалахын тулд К.Токаевыг нэгдэн дэмжихийг ард түмэндээ уриалж байгааг онцлон тэмдэглэжээ.

Ерөнхийлөгч шингэрүүлсэн нефтийн хийн үнийн өсөлтийг эсэргүүцсэн жагсаал нэгдүгээр сарын 2-нд дэгдсэнээс хэдхэн хоногийн дараа аюулгүй байдлын зөвлөлийн даргын албан тушаалыг өөртөө хүлээн авснаа мэдэгдсэн юм.

Казахстаны Дотоод хэргийн яамнаас пүрэв гарагт мэдээлснээр, үргэлжилж буй эмх замбараагүй байдлын үеэр 18 цэрэг, 26 жагсагч амиа алджээ. Ням гарагт тус яамнаас жагсаал цуглаан өнгөрсөн долоо хоногт өрнөж эхэлснээс хойш баривчлагдсан хүний тоо 5135-д хүрснийг мэдээлжээ. 

Холбоотой мэдээ