Л.Наранбаатар: Нэг хүнд долоо хоногт таван тонн цементийг шуудайг нь 15,000 төгрөгөөр худалдана

               
2022-07-04 0

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэрээс цементийн үнийн өсөлтийн эсрэг аяныг зарлаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Хөтөлийн цемент, шохойн үйлдвэр ХК-ийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Наранбаатар:

“Яг одоо 6,000 тонн цемент манай агуулахад байна. Хөтөлийн цемент шохойн үйлдвэр 39 жилийнхээ түүхэнд анх удаа хоногт 3,695 тонн цемент үйлдвэрлэж рекорд тогтоосон. Үйлдвэрлэлийн хэмжээ нэмэгдэж байгаа учраас бид нийлүүлэлтээ ихэсгэж байна. Ингээд өнөөдөр 10:00 цагаас 44 дүгээр барилгын материалын захаас эхлэн үнийн цохилтоо хийж байна.

Тодруулбал, бид нэг хүнд долоо хоногт таван тонн цементийг шуудайг нь 15,000 төгрөгөөр худалдана гэсэн үг. Ингэж хязгаарлалт тавьж байгаагийн шалтгаан нь ченжүүд их хэмжээгээр нь худалдаж авч дарчхаад эргүүлээд өндөр үнээр хэрэглэгчдэд худалдаалаад, мөлжөөд эхэлбэл бидний үйл ажиллагаа үр дүнгүй болно.

Нийт 16 вагон цемент захиалсан ч одоогоор найм нь л энд ирчхээд байна. Тиймээс “Улаанбаатар төмөр зам ” ХНН бидэнд тээвэр ложистикийн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа. Үгүй бол бид тэнд цементээ мянга үйлдвэрлэж, савлаад тээвэр ложистик дээр алдаа гарах, тээвэрлэлтийн зохион байгуулалтын алдаанаас бол бүтээгдэхүүн тасраад эхэлбэл бидний зорилт талаар болно.

Хил гаалийн саатлаас болж зөвхөн шуудай ч биш бүх бараа материал саатсан. Үүнд бүх цемент шохойн үйлдвэр өртсөн. Манай үйлдвэрийн хувьд өнөөдрийн байдлаар гурван сая ширхэг шуудай захиалж аваад шуудайн нөөцөө бэлдсэн. Хоногт 20,000 шуудай цементийг бид оруулж ирнэ. Он дуусах хүртэл шуудайн нөөц маань бүрдсэн тул бид төлөвлөгөөнийхөө дагуу үйлдвэрлэл, нийлүүлэлтээ хийгээд цементийн үнэд цохилт өгөөд эхэлж байна.

Энэ зөвхөн Улаанбаатарт бус Дархан-Уул, Эрдэнэт, Сэлэнгийн бүс нутагт явагдана. Дархан-Уул, Сэлэнгэ, Эрдэнэт нь манай үйлдвэрээс харьцангуй ойрхон бүс учраас илүү хямд өртгөөр буюу нэг уут цементийг 14,000 төгрөгөөр борлуулна.

Тухайн бүс нутгуудад нэг уут цемент 20,000, зарим тохиолдолд 25,000 төгрөгт хүрч байна гэсэн судалгаа бий. Бид улсын хэмжээнд нийт 10 гэрээт борлуулагч компанитай хамтран ажиллах юм. Харин гэрээт борлуулагч нарт маш чанга хяналт тавих бөгөөд гэрээт борлуулагчид журмыг зөрчиж, нэг төгрөгийн үнэ нэмбэл гэрээг нь цуцлах, торгууль тавих хатуу болзол тавьж байгаа” гэв.

Холбоотой мэдээ